2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
“ХОРГЫН НОГООН ГУДАМЖ” МОД ТАРИХ АЯН ӨРНҮҮЛЖЭЭ

        Архангай аймгийн Тариат сумын залуус санаа, сэтгэл нэгдэн “Хан залаа”ТББ-ыг байгуулан нутаг нэгт сумынхаа Улаанбаатар хотод амьдарч байгаа болон,  орон нутагтаа суугаа иргэдээ хамруулан соёл, урлаг, спорт, нийгэм, байгаль орчин, ШУ-ны олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулахаар 2018 онд байгуулагдсан.  Энэ хугацаанд нутгийн бүх насны олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн.  Бидний төлөвлөсөн ажлуудын нэг сум орон нутагруугаа чиглэсэн   “Хоргын ногоон гудамж” төсөл юм.  Энэхүү төслийн хүрээнд аян өрнүүлж, ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, анги хамт олон, төгсөлтийнхөн, хувь хүмүүс хандив өргөн 10 орчим сая төгрөг цугларчээ.  Тариат сумын ЗДТГ-тайгаа хамтран ажиллаж бүх албан байгууллагууд  нүх ухах, тарихад оролцуулан, ургалтыг хариуцан услах хүн зэргийг томилон усалгааны материал,  цалин зэргийг шийдэн ажиллажээ.

    Нийт 1500 орчим модыг сумынхаа төв зам дагуу 667 м урт төмөр хайсанд 170 улиас, сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, голт бор, монос, тэхийн шээг, өрөл зэргийг тариад, цаашид сумын төвөө ногоон болгох зорилгоор хэд хэдэн албан байгууллага хувь хүмүүст зөвлөгөө өгөн жишиг болгох үүднээс модны суулгац өгсөн байна.  Аль бүрийг мод тарьж ногоон ирээдүйн төлөө нэгдэхийг уриалжээ.  Нутгийн уугуул, Нийслэл хотын ногоон байгууламжийн зөвлөх, ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Жавзан ирж мод тарьж ургуулах, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгч ажиллажээ.  Арга хэмжээг дэмжин Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар нэгдэл”-ийн хамт олны төлөөл болон  Тариат сумын засаг дарга Г.Алтан-Очир, “Хан залаа”ТББ-ын тэргүүн П.Жаргалсайхан нар оролцсон байна.

Мэдээ бэлтгэсэн: Э.Хишигбаяр

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.