2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Б.НЯМСҮРЭН: Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах бол мөнгө шилжүүлэхээс өмнө НЯГТЛААРАЙ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг хоёр сарын хугацаатай амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байна.

“Covid-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хууран мэхлэх аргаар ашиг хонжоо хайгчид цаг үеийн эмзэг байдлыг далимдуулан цахим орчинд гэмт хэрэг үйлдэх нь ихсэх болсон. Уг вирусийн тархалт нэгдүгээр сард оргил үедээ хүрснээр улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор худалдаа үйлчилгээний салбарт онлайн  худалдааны үйлчилгээг дагасан амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширсон.

Залилагчийн гол арга, хэлбэр нь онлайн худалдаа, бараа бүтээгдэхүүн зарах, мөнгийг өсгөж өгөх амлалт, амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой мөнгөө залилуулсан хүмүүс ч цөөнгүй. 

Хүмүүсийн хувьд ихэвчлэн онлайнаар харсан бараандаа хууртаж чанаргүй хувцас худалдан авах тохиолдол түгээмэл байгаа боловч тэр бүр  “тоодоггүй” өнгөрдөг нь залилагчдыг улам өөгшүүлдэг болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв.

Arslan.mnЭнэ талаар НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.НЯМСҮРЭН-ээс тодруулахад "Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олъё гэсэн сэдлээр залилангийн гэмт хэрэг үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь олон төрлөөр үйлдэгддэг ч коронавирусийн халдварын дэгдэлтийн үед  хил хааж, хөл хорио тогтооход онлайн захиалга ихэссэн. Энэ нь дэлгүүр худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаасантай холбоотой. Онлайн шопоор амны хаалт, гар ариутгагч худалдана, зарна гэж иргэдийг залилсан бол сүүлийн үед онлайн худалдаагаар иргэд чанаргүй бараа худалдан авах тохиолдол бүртгэгдээд байгаа. Тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь хаяггүй, чанаргүй байдаг гэх мэтээр иргэд хохирдог.  Цагдаагийн байгууллагад хандахгүй хохирсон тохиолдлууд ч бий. Тиймээс иргэд ямар нэгэн байдлаар хохирсон бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа бол мөнгөө шилжүүлэх гэж ярихаас өмнө албан ёсны бүртгэлтэй эсэхийг нь шалгах, бараа бүтээгдэхүүн нь хэр баталгаатай гэдгийг хянах хэрэгтэй гэдгийг зөвлөе" гэсэн юм. 

Хэрвээ та бусдад эд хөрөнгө, мөнгөө залилуулсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Arslan.mn

Хамгийн түрүүнд та Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авдаг тусгай дугаар болох 102-т хандан дуудлага өгч, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авах хэрэгтэй.

Үүний дараагаар та өөрийн оршин сууж байгаа газрын харьяа цагдаагийн хэлтэст гомдол гаргах эрхтэй бөгөөд таны гомдолд үндэслэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгалтын ажиллагаа явуулан тогтоодог аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.