Хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд ном уншиж, ертөнцтэй танилцах боломжийг боловсролын байгууллагад насаараа ажиллаж, өдгөө гавьяаны амралтаа аваад буй С.Цогоо, Ц.Сэлэнгэ нарын гэр бүл бүрдүүлжээ. Өдгөө нас сүүдэр 70 дөхөөд буй тэдний гэр бүлийн байгуулсан “Бяцхан мэргэд” хүүхдийн номын сангийн нэг өдрийг “танайд өнжье” булан энэ удаа онцоллоо.
Амралтын өдөр аажуухан боссон бид бага үдийн алдад “Вива сити” хороололд байрлах “Бяцхан мэргэд” номын санд хүрч очиход хүүхдүүд аль хэдийнэ цуглажээ. Ээжийнхээ энгэрээс ч гүйцэд салаагүй, тэнтэр тунтар алхах нялхсаас авахуулаад ахлах ангийнхны хөл хөдөлгөөн энд тасардаггүй бололтой.
“Бяцхан мэргэд” номын сангийн эрхлэгч С.Цогоо Төв аймгийн Угтаалцайдам сумынх. Эрдэнэсант сумын дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр Булган аймгийн дунд сургуулийн захирал, нийслэлийн 14 дүгээр сургууль, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулиудад сургалтын менежерээр ажиллаж байжээ. Түүний эхнэр Ц.Сэлэнгэ ч түүх, газар зүйн багш мэргэжилтэй.
“Бид тэтгэвэртээ гараад хүнсний дэлгүүр ажиллуулахаар төлөвлөөд байсан ч хүүхдүүд маань номын сан ажиллуулах саналыг анх гаргасан юм. Хүүхдүүд утас, таблет хэрэглэж номноос холдсон байсан нь номын сан байгуулахад нөлөөлсөн. Хүүхдүүдийнхээ дэмжлэгээр нээж байсан номын сан маань байнгын үйлчлүүлэгчидтэй болоод найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Насаараа хүүхдүүдтэй ажилласан болохоор ч тэр үү, эхнэр бид хоёрт дөхөм байдаг юм” гэж цэцэрлэгийн эрхлэгч С.Цогоо хэлж байлаа. Номын сангийн дотор дизайны шийдэл нь ч өвөрмөц юм. Зөөлөвчтэй намхан сандлуудыг тойрог хэлбэрээр байршуулаад голд нь намхан ширээ тавьчихаж. Хойд ханандаа хүүхэд налж суугаад, хөлөө хагас жийж тухлаад сонгосон номоо амтархан унших боломжийг бүрдүүлж өгсөн нь өвөрмөц санагдлаа. Мөн дээд давхарт нь дөрвөн ханатай монгол гэрийн дайтай тасалгаанд орж ном унших боломжийг бүрдүүлж өгчээ.
“Вива сити” хорооллын багачууд аль хэдийнэ “Бяцхан мэргэд” номын сангийн байнгын үйлчлүүлэгч болсон гэнэ. Мөн ойр орчимд байрлах “Шинэ Монгол, “Сакура”, “International school of Ulaanbaatar”, “Солонго” зэрэг сургуулиудын номд дурласан хүүхдүүдийн хөлд номын сан өдөр бүр л дарагддаг юм байна. Энд хөл хөдөлгөөн их ч чимээ шуугиан бараг гарахгүй юм.
Их үдийн алдад ой хүрсэн юм уу гэмээр жаахан амьтан ээжийнхээ энгэрээс зүүгдсээр номын санд орж ирлээ. Өхөөрдмөөр бяцхан амьтныг ч уншигчид андахгүй таньж байна. Байнгын үйлчлүүлэгч нь ажээ. Орж ирээд динозаврын зурагт сэтгүүлүүдийг үздэг гэнэ. Ээж нь нь тайлбарлаж өнөө нялх амьтан анхааралтай сонсож сууна лээ. Хоёр нас ч хүрээгүй энэ нялх амьтан ертөнцтөй танилцаж буй нь энэ ажээ. Ийм жаахан хүүхдүүд л динозаврын талаар бараг надаас илүү мэдлэгтэй болчихсон байдаг аж. Хүүхдийг нэг анзаараад дахиад харахад өөр зүйлд анхаарч байхад нь нэг их тоодоггүй. Хүүхэд хэсэгхэн хугацаанд анхаарахдаа л асар мэдээлэл авдгийг номын сангийн менежер Ц.Сэлэнгэ онцолж байв. Зурагт номноос хүүхдүүд та бидний төсөөлснөөс ч өргөн мэдлэг хуримтлуулж байдаг ажээ.
Энд хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд олон. Хүүхдэдээ ном тайлбарлаж өгөхөөс гадна, өөрөө ч тухлаад унших боломжтой. "Ганжуур Данжуур"-аас авахуулаад сонирхолтой номнууд өрөөстөй байна лээ.
Номын сангийн менежер Ц.Сэлэнгэ “Хүүхдүүдэд ном яаж уншихыг зааж, идэвхжүүлж өгдөг юм. Хүүхдүүд бие дааж ном уншаад сурчихвал насан туршид нь хэрэгтэй дадал, хэвшилтэй болно. Тэгэхээр бид хоёр хийж байгаа ажлаа хойч үед хэрэгтэй оюуны хөрөнгө оруулалт гэж үзээд байгаа” гэв. Тэрбээр “Эцэг эхчүүд хүүхдээ яаж номонд дурлуулах вэ гэж тогтмол асуудаг. Хамгийн түрүүнд багаас нь үлгэр уншиж өгч байх хэрэгтэй. Уран сэтгэмж төсөөлөн бодох чадвар нь өсөхөөс гадна номонд сонирхолтой болно. Өөрөө уншиж сурахаар хичээж эхэлнэ гэсэн үг. Анхнаасаа л унших бол зугаатай ажил гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хамт зэрэгцэж суу. Дурамжхан сонирхолгүй үед нь хүчлэх хэрэггүй. Жаахан хамт уншиж байгаад сонирхол нь сарнихаар нь хамтдаа өөр зүйл хийх нь зөв. Буруу унших бүрт нь засаж яриаг нь таслах хэрэггүй. Өөрөө өөрийгөө залруулах боломж олгох хэрэгтэй. Алдаагаа засах бүрт нь магтаж байх нь чухал” гэсэн юм.
Бидний ийн хөөрөлдөх зуур дунд ангид суралцдаг болов уу гэмээр хүү орж ирээд хүүхдийн нэвтэрхий толиос нэгийг аваад шатаар дээшээ өгссөн нь номын сангийн байнгын үйлчлүүлэгч Э.Анар ажээ. Хувцасаа нямбайлан эвхэж, гутлаа бусдын хөлд саад болохгүйгээр зэрэгцүүлж тавиад дээшээ алхах түүний үйлдэл хувийн зохион байгуулалт сайтайг нь илтгэнэ. Э.Анар өдөрт цаг орчмыг ном уншихад зарцуулдаг гэнэ.
Хүүхэд ном уншсанаар анхаарлаа төвлөрүүлж сурдгийг номын сангийн эрхлэгч С.Цогоо хэлж байлаа. Анхаарлаа төвлөрүүлж сурах нь амжилттай суралцах, өөрийгөө олоход чухал ач холбогдолтой байдаг юм байна. “Бяцхан мэргэд” номын санд 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 2000 гаруй ном бий. Энд багачуулын заавал унших “Ухаан далай номоос эхтэй” 12 цуврал, “Монгол туургатны үлгэр”, “Хүүхдийн танин мэдэхүйн Британика нэвтэрхий толь” зэрэг нас насныханд зориулсан номнуудыг ангилаад өрчихжээ. Номын сангаар үйлчлүүлж буй 0-5 настай хүүхдүүдэд зурагт ном санал болгодог аж. Эцэг эхчүүд нь тайлбарлаж өгснөөр номонд татагдах суурь болдог юм байна. Мөн үлгэрийн ном уншиж өгөх нь ч үр дүнтэй арга гэнэ.
Харин дунд ангийнханд танин мэдэхүйн ном санал болгох нь илүү үр дүнтэй байдаг аж. Номоо уншаад тэмдэглэл хөтлөх нь чухал ач холбогдолтойг номын сангийн эрхлэгч С.Цогоо онцолж байсан юм.
“Бяцхан мэргэд” номын санд зөвхөн номнууд бус хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх лего тоглоом болон шатар, даам зэрэг хөлөгт тоглоомууд бий. Насанд хүрэгчид ч учрыг нь олоход бэрх лего тоглоомуудыг “эрхийн чинээ” нялх амьтад л хормын төдийд хэдэн тийш нь эргүүлээд л эвлүүлчихэж байгаа нь гайхширал төрүүлнэ лээ.
Таны хүүхэд дэлгэцийн хамааралтай болсон, үүнээс шалтгаалж унтаж чадахгүй гэх зэрэг бэрхшээлүүд тулгарсан тохиолдолд “Бяцхан мэргэд” номын сангийн үүд хаалга нээлттэй байгааг номын сангийн эрхлэгч хэлж байлаа. Нэг цаг ном уншаад гарахад л ердөө 1000 төгрөгийн такс төлөх юм. “Бяцхан мэргэд” номын сан анги хамт олны захиалгад дарагдах болжээ Тус номын сангийн зааланд номын баяр тэмдэглэхээс гадна шинэ жилийн баяр тэмдэглэдэг жишиг тогтоод байгаа гэнэ. Хүүхдүүдэд ч чихэр шоколад биш ном бэлэглэдэг юм байна. Үүнээс гадна зохиолч нартай уулзалт хийхэд ч тус заал нэн тохиромжтой санагдсан юм.
Гэртээ анхаарал төвлөрдөггүйгээс шалтгаалаад гэрийн даалгавраа хийж чадахгүй байх бэрхшээл дунд ангийн сурагчдад тулгардаг. Тэгвэл “Бяцхан мэргэд” хүүхдийн номын сангийн хоёрдугаар давхарт хүүхдүүдийг хичээл давтахад нь зориулсан тасалгаа ч байдаг юм билээ. Эцэг эхчүүд ч бага ангийн сурагчидаа даалагавар хийлгэхдээ гэртээ толгой руу нь тоншиж суух биш анхаарал нь сарнихааргүй, орчин нь бүрдсэн газарт хүүхдээ авчирвал илүү үр дүнтэй санагдсан. Уншсан номных нь талаар хүүхэдтэйгээ ярилцаж, тэмдэглэл хөтлүүлж, зураг зуруулах нь таны хүүхдийн төсөөлөх бодох чадвар, IQ-г хөгжүүлэх ач тустайг багш нар онцолдог. “Солонго” сургуулийн дунд ангийн хүүхдүүд тогмол энэ номын сангаар үйлчлүүлдэг. Ангиараа ирж даалгавараа хийдэг ажээ.
Бид “Солонго” сургуулийн сурагч Б.Анутай цөөн хором хөөрөлдлөө. Түүний хувьд хоёрдугаар ангид суралцдаг аж.
-Хүүхдийн номын сангаар тогтмол үйлчлүүлдэг үү. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Номын сан нээлттэй л байвал ороод ирдэг. Заримдаа өглөө ирэхэд хаалттай байдаг. Аав ээж ажилдаа явахад номын сан руу ороод ирдэг. Хамгийн сүүлд чоно, хонинуудын тухай үлгэрийн ном уншсан.
-Чоно, хонинуудын тухай номонд ямар үйл явдал гарч байна вэ?
-Хонинуудыг чононоос нохой хамгаалдаг юм. Нэг удаа нохойнуудын эзгүй хойгуур чоно хүрээд ирдэг. Чононууд хонь руу дайрахад нь нохой ирж хамгаалж байгаа тухай номонд гардаг. Би өдөрт л нэг ном уншдаг юм. Анх ээж маань хамт номын санд ирж үлгэр уншиж өгдөг байсан. Ингээд л би ном унших дуртай болсон. Илүү олон ном уншмаар байна.
-Энд ном уншихаас өөр юу хийдэг вэ?
-Би найзуудтайгаа хамт орж ирдэг. Эхлээд гэрийн даалгавраа хийгээд, дараа нь дуртай номоо уншина. Заримдаа даам тоглодог” гэсэн юм.
Нэг удаадаа 30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Бяцхан мэргэд” номын сан өглөө 11:00 цагт нээгддэг. “Манай номын сан үүдээ нээхэд л хүүхдүүд дугаарлаад зогсчихсон байдаг болсон. Номд сонирхолтой хүүхдийн тоо эрс олширч байгаа. Маргаашийн лидерүүд бэлтгэгдэж байна гэсэн үг шүү дээ” гэдгийг номын сангийн эрхлэгч С.Цогоо хэлж байлаа. “Бяцхан мэргэд” номын санг анх нээгдэхэд л үйлчлүүлж байсан хүүхдүүдийн зарим нь өнөөдөр Их, дээд сургуулиудын оюутан болцгоожээ. Одоо номын сандаа ном, бүтээлийн дээжээсээ хандивладаг аж. Ном ертөнцийг харах цонх гэдэг. Бидний нийслэлд хувийн номын сан гарын 10 хуруунд багтахаар цөөхөн байдаг. Илүү олон лидерүүдийг бэлтгэхийн тулд олон номын сан шаардлагатай байгааг тэд онцолж байна.
Түмний хүүхдийн төлөө тустай үйл хийж буй багш хосын байгуулсан “Бяцхан мэргэд” номын сангийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна.
Эх сурвалж: dnn.mn
24news.mn