"Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт жолооч нарт "Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг” явуулж байна. Уг үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, "Эрдэнэс Монгол” ХХК, "Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм.
Үзлэг, оношилгоонд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 1, 2, 3-р эмнэлгүүд, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд лабораторийн шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ хийж нийт 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийж байна. Мөн Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч, тухайн суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийн талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, зонхилох өвчлөлийн талаар нэгдсэн тайлан мэдээлэл гаргах зорилготой юм.
"Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ” Цагаан хад дахь Монпорт кэмпийн байранд 10-р сарын 19-24-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
24news.mn