2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
У.ХҮРЭЛСҮХИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ШИЛДЭГ ЗАЛУУСЫГ, ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦУУЛАХ ЗААЛТ БАГТЖЭЭ
МАН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд /2021.05.25/ Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Уулзалтын  эхэнд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол УИХ, орон нутгийн сонгуулиас ялгаатай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг хангаж ажилладаг. Тун удахгүй бид улсынхаа 100 жилийн ойг тэмдэглэнэ. Одоогоос 100 жилийн өмнө бид улсынхаа тусгаар тогтнолыг олж авсан” хэмээн онцлоод “Монгол Улс өнөөдөр вакцинжуулалтаараа дэлхийд  хоёрдугаарт явж байна. Энэ бол асар том амжилт. Удахгүй бид маскнаасаа салж, хуучин амьдралдаа эргэж очно гэж бодож байгаа. Бид энэ цар тахлыг хохирол багатай даван туулах ёстой.  Улсынхаа эдийн засгийг хөл дээр нь босгоход 4-12 жил шаардлагатай байна. Эрчим хүчийг дотооддоо, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь чухал байна. Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орно. Хүнсний аюулгүй байдал чухал. Хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж, экспортлох хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрүүдээ барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй.
 
Миний сонгуулийн уриа  “Баялагтаа эзэн Монгол”. Өнгөрсөн хугацаанд бид тэмцлийнхээ үр дүнд олон тусгай зөвшөөрлийг улсдаа буцааж авсан. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар 5 дахин их ашиг өгч, өнөөдөр ард иргэдийнхээ орон сууцны халаалт, ус, цахилгааны төлбөрийг төр дааж байгаа. Утаа, гурван  ээлжийн сургууль, цэцэрлэгийн дутагдал бол намайг Ерөнхий сайдаар ажиллаж эхлэхэд тулгамдсан асуудал байсан. Бид хоёр жил сэтгэл гаргаж ажилласнаар өнөөдөр сургууль 2 ээлжээр хичээллэж, цэцэрлэгт бүх хүүхдүүдээ хамруулж чадлаа” гэсэн юм.  
 
 
Уулзалтын үеэр нэгэн сонгогч эмэгтэйн хэлсэн үг уулзалтад хүрэлцэн ирсэн сонгогчдод ихэд таалагдав. Тэрбээр  “Аливаа асуудалд дандаа хориг тавихаасаа илүү дэмжиж ажилладаг хүн байгаасай гэж би хүсэж байна. Зорилтот дэмжлэг, эзнээ олсон дэмжлэг гэсэн өгүүлбэр У .Хүрэлсүх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт байсан.  Би гурван нялх хүүхэдтэй, жижиг бизнес хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй. Би хүүхдийн мөнгө 20 мянга байхад хүүхдэдээ витамин ч авч өгдөггүй байсан. 100 мянга болоод ядаж л хүүхдэдээ витамин авч өгдөг болсон. Энэ бол эзнээ олсон халамж ямар чухал болохын жишээ юм. Тийм учраас эзнээ олсон халамжийн төлөө ажиллах нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгнө гэж бодож байна” гэсэн юм.
 
 
Мөн залуу үеийн төлөөлөл болсон Н.Мөнгөнбагана “Залуучуудын оролцоо,санал дутаж байснаас хэзээ ч илүүдэж байгаагүй. Гэхдээ залуучуудын оролцоо, саналыг төрийн бодлогоор л дэмжиж өгөх нь зөв юм билээ. У.Хүрэлсүх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс  “Орлоготой оюутан” хөтөлбөрийг олж харсан. Би ажилд орох гэхэд 3-5 жилийн туршлага шаардаад байна. Би зөөгч  хийж байсан байлаа гэхэд тэрийгээ батлах хэцүү. Тэгээд “Орлоготой оюутан” хөтөлбөр надад ажилд ороход орлогоо нотлох боломжтой болгох юм байна гээд ихэд олзуурхсан. Би БЗД-ийн 13 дугаар хорооны сургуулийг төгссөн. Хэрвээ би хороондоо шилдэг нь байвал дэлхийн шилдэг их сургуульд элсэн суралцах боломжтойг “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөөс олж харсан. Монголын 330 сум, нийслэлийн хэмжээнд байгаа хороо бүрээс нэг шилдэг сурагчийг дэлхийн шилдэг сургуульд суралцуулах боломжийг олгоно гэсэн мөрийн хөтөлбөрийн заалт байна. Залууст боломж олгож байгаа юм чинь залуус бид өөрсдөө хичээх л хэрэгтэй” гэв.
 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.