2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
У.ХҮРЭЛСҮХ: БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ҮР ШИМИЙГ АДИЛ ТЭНЦҮҮ ХҮРТЭХ НЬ ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ
МАН-аас  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн ард иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүх  уулзалтын эхэнд  "Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байх нь хамгийн чухал. Байгалийн баялгийн үр шимийг адил тэнцүү хүртэх нь шударга ёсны бас нэг зарчим.  Байгалийн баялгийг  хэн нэгэн, ямар нэгэн компани үйлдвэрлэж бий болгоогүй.  Байгалийн баялаг гэдэг  бурхны хишиг. Тэр утгаараа Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэнцүү хүртэж байх ёстой. Энэ бол шударга ёсны  зарчим.  Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө би Монгол Улсын  Ерөнхийлөгчид нэр дэвшиж  байна”  хэмээн тодотголоо.
Мөн "Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ  Монголын төр, ард түмэндээ  эргүүлэн авч, үр шимийг  нь иргэн бүрдээ  тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойллоо. Үүний үр дүнд  тэтгэврийн зээлтэй 230 мянган ахмадын зээлийг тэглэж, мөн зээлгүй  ахмадуудад  нэг сая төгрөгийг олгосон. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.  Энэ бүхнийг халамж гэж ойлгож болохгүй. Энэ бол халамж биш. Байгалийн баялгаасаа иргэн та хүртэх ёстойгоо хүртэж байна гэж бодох хэрэгтэй.  Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмждэг, зөвлөдөг, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй субьект. Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонх, нэгдмэл байдлаар хэрэгжих учиртай. Ерөнхийлөгч нь УИХ, Ерөнхий сайдтай эв эеийг сахиж, хүчээ нэгтгэж байж цар тахлын хүнд үеийг гарз хохирол багатай даван туулах, улс орны өмнө тулгамдсан бэрхшээл, сорилтыг шийдэх, том төсөл хөтөлбөрүүдээ  бодитой ажил болгох бүрэн боломжтой. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд 4-12 жил шаардлагатай” гэлээ.
 
 
Өмнөговь уул уурхайд  түшиглэсэн хөгжлийн гарцтай аймаг.  Монгол Улсын эдийн засагт томоохон түлхэц болох төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн гараар бүтээх эхлэлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүлсэн. "Тавантолгой-Гашуунсухайт”, "Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ажил 2008 оноос хойш 12  жилийн турш улс төржилтөөс болж гацсан байсныг У.Хүрэлсүхийн Засгийн газар  урагшлуулсан  гэж   Өмнийн говьчууд дуу нэгтэйгээр  уулзалтын үеэр хэллээ.  Уул уурхайн дэд бүтцийг бий болгосноор нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал дөрөв дахин буурах юм. Тодруулбал, машинаар тээвэрлэж байгаа нүүрсний тонн тутамд ногдох 32 ам.долларын зардал найм болж багасна. Монгол залуус Өмнийн говийн торгон элсэн дээр босож байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хүч нэгтгэн, гар бие оролцож байна.
 
Нэр дэвшигч У.Хүрэлсүх  "Монгол хүн бүр баялагтаа эзэн байх ёстой. Тийм ч учраас би "Баялагтаа эзэн Монгол” уриаг дэвшүүлсэн.  Та баялагтаа эзэн болж чадвал тусгаар тогтнол, эрх чөлөөт Монгол Улсынхаа иргэн нь гэж бодоорой.  Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хариуцлагатай уул уурхай явуулж байгаа компаниудыг би энд хэлээгүй. Улсдаа татвараа төлөөд ард иргэдээ цалинжуулж, хууль дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа уул уурхайг бид дэмжиж байгаа. Би Ерөнхий сайд байхдаа бизнесийн орчинд ургасан зэрлэгийг нь зулгааснаас биш зүлэг ногоог нь зулгаагаагүй.  Сэтгэл  гаргаад зүтгэвэл бүтэхгүй ажил гэж үгүй. Та бүхэн санаж байгаа байх. Налайхын зам  60 жилийн настай, надаас долоо ах зам.  60 жилийн турш нэг ч гар хүрээгүй замыг зургаан сарын дотор 100 жилийн настай,   хоёр урсгалтай шинэ зам  болгож шинэчилсэн. Эвлэлдэн нэгдэж, сэтгэл гаргаад хийж бүтээе гэвэл болохгүй зүйл үгүй гэдгийн тод жишээ энэ юм.
 
Иргэн бүр "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшиж, ногдол ашиг хүртэж байгаа.  Ард иргэд 12 хувь, аж ахуйн нэгж байгууллагууд долоон хувь, үлдсэн хувьцааг нь төр  эзэмшиж байна. Төрийн эзэмшиж байгаа хувьцаанаас иргэд рүү шилжүүлж, иргэдийн хувьцааг нэмэх ёстой.  Ард иргэд та бүхэн минь энэ хувьцаагаа хадгалах ёстой шүү” хэмээв.
 
 
Өмнөговь аймгийн иргэд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар "Тавантолгойн цахилгаан станц” төслийг эхлүүлсэн. 450 мВт хүчин чадалтай уг станц "Оюутолгой” болон говийн бүсийн төслүүдийг эрчим хүчээр бүрэн хангах бүтээн байгуулалт” хэмээн онцолж, хийж эхлүүлсэн, хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг нь дуусгахын тулд дэмжихээ илэрхийлж, сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.
 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.