2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Тавантолгой түлш ХХК мод тарих ажлыг дэмжин ажиллав

“Гүнжийн булаг” цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд Тавантолгой түлш ХХК хувь нэмэрээ орууллаа. Үндэсний мод тарих өдөр буюу тавдугаар сарын хоёрдахь долоо хоногийн бямба гарагт Тавантолгой түлш ХХК-ийн ажилчид Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Гүнжийн булаг хэмээх газарт бүх нийтийн мод тарих үйл ажиллагааг дэмжин ажиллав. Иргэн н.Ганхуягийн санаачилгаар Гүнжийн булаг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 500 гаруй модны суулгацыг тарьсан юм. Тавантолгой түлш ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслийг дэмжиж тухайн газарт мод тарихаас гадна, орчны хогийг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, хайсыг будаж өгсөн юм.

Цаашид “Гүнжийн булаг” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилд өөрийн хувь нэмэрээ оруулж, модны арчлалтад ч анхаарч ажиллана гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Дотоод тээврийн хэлтсийн дарга Ш.Мөнхцог хэлсэн юм. Тэрээр, “Манай компанийн хувьд сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэгцээн зориулан үйлдвэрлэдэг. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой байдаг бол өнөөдрийн мод тарих үйл ажиллагааг дэмжиж байгаа маань мөн л агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байгаа юм. Агаарыг зөвхөн гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарах утаа бохирдуулдаг гэж ташаа ойлгож болохгүй. Хуурайшилт, түүнээс үүдсэн тоосжилт агаарыг маш ихээр бохирдлуулдаг. Тиймээс энд мод тарьснаар Гүнжийн булгийн урсац, ундарга сайжирна. Энэ хэрээрээ ойр орчим нь чийгтэй, ногооноороо байх болно. Энд цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин бүрдэнэ гэж бодож байгаа” гэв.

Төслийн санаачлагч н.Ганхуягийн хувьд 1989 оноос хойш Гүнжийн булагийн орчимд амьдарч байгаа аж. Тиймээс энэ булгийг онгон дагшнаар авч үлдэхэд өөрийн чадах зүйлээ хийж, мод тарьж байгаа гэсэн юм.

 
 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.