Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг Сайжруулсан шахмал түлш нь Монгол Улсын сайжруулсан шахмал түлшинд тавигддаг “MNS5679:2019” стандартыг бүрэн хангаж байна. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхэд гурван төрлийн стандартыг мөрдлөг болгодог бөгөөд дээрхийг хангаж байгаа эсэхийг төрийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг байна. Үүнээс хамгийн чухал нь cайжруулсан шахмал түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хийн хэмжээ Монгол Улсын стандартаар нэгж эзэлхүүнд 1,2 миллиграмм байх ёстой байдаг бол сайжруулсан шахмал түлшний шаталтаас ялгарах хүхрийн хэмжээ 0,8-0,96 миллиграмм байдаг байна. Энэ нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн хангаж байгаа юм.
Агаар дахь хүхэрлэг хийн агууламжийг хамгийн ихээр ялгаруулдаг зүйл нь цахилгаан станцын яндангаас гарах түүхий нүүрсний утаа аж. Тодруулбал, цахилгаан станцын яндангаас 70 орчим хувь нь, автомашины яндангаас 22-23 хувь, айл өрхийн хэрэглээний түлшнээс 7-8 хувь ялгарч байгааг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар хийсэн судлагаа нотолдог юм.
Жил ирэх тусам хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдэж байгаа нь цахилгаан станциудын түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаатай шууд холбоотой гэдгийг эрдэмтэд хэлж байна. Тухайлбал, цахилгаан станциуд 2016 онд 4,5 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсан бол 2019 онд таван сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа нь агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдэх гол шалтгаан болж байна.
Мөн жил бүр хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа тээврийн хэрэгсэл, түүний яндангаас гарах утаа ч агаар дахь хүхрийн хэмжээг нэмэгдүүлж байдгийг эрдэмтэд хэлж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2019 он гэхэд хүхэр багатай авто шатахууны 50 хувийг хүхэр багатай ЕВРО-5 ангилал руу, 2025 он гэхэд 80 хувийг ЕВРО-5 ангилалд шилжүүлэхээр тусгасан байдаг хэдий ч хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байна.
24news.mn