2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Махаа “мартсан” З.Мэндсайханыг ЗГ хамгаалах уу?

Монголчуудын үндсэн хүнс мах. Нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотын махны хэрэгцээний дийланх хувийг дамжуулан, нийлүүлдэг Эмээлтэд махны чанар, аюулгүй байдлын асуудал хөндөгдөөд 20 гаруй хоног өнгөрч байна. Тодруулбал, тавдугаар сарын 10-наас мэдээллийн Нэгүүн.мн сайт “Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн мах өмхийрсөн, хадгалалтыг уртасгах, муудсан махны үнэр, өнгө зэргийг хэвийн болгон өөрчлөх зорилгоор химийн бодис нэмж байгаа” гэх асуудлаар газар дээрээс нь мэдээллүүд бэлтгэн хүргэсээр байв. Тэд өчигдөр /2022.06.01/ муудсан махыг чанаж үзүүлэн, маханд хольдог гэх нэршил нь тодорхойгүй нунтаг цагаан бодисыг ил болгов. Өөрөөр хэлбэл, “Эмээлтийн махны үйлдвэрүүдэд чанар, аюулгүй байдал нь хангагдсан, хянагдсан мах байгаа” гэх боломжгүйг олон нийтэд ойлгуулав.

Асуудлыг мэдээлснээс бараг л сарын хугацаа өнгөрч байхад өнөөдрийг болтол чанар, аюулгүй байдлыг нь хянасан ямар нэгэн лабораторийн шинжилгээ гарсангүй. Түүнчлэн “аюултай” байж болзошгүй их хэмжээний махыг зах зээлд “орох”-оос сэргийлэх ямар ч арга хэмжээг цагдаа, тагнуул зэрэг чиглэлийн байгууллагууд хэрэгжүүлсэнгүй. Арга ядсан гэмээр үйлдлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын хэлтсийн дарга гаргаж, махны чанарыг шалгахын тулд “чанаж идэх” аргыг олон нийтийн нүдэн дээр үзүүлэв. Ингэснээрээ шинжлэх ухааны хөгжил өндөр түвшинд хөгжсөн энэ цаг үед дэлхийн ямар ч улсад хүнснийхээ аюулгүй байдлыг амталгаагаар шийддэг улс байдаггүйг өөрчилж, “Монголчууд болж” чадав.

“Бид юу идээд байгаа юм бэ, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд маань ямар махаар хоол хийж өгч байсан бэ, маш олноороо бүртгэгдэж байгаа хавдрын зэрэг ховор өвчнүүд олширч байгаагийн шалтгаан нь хүнсний аюулгүй байдал, тодруулбал, Эмээлтийн “аймшгийн” махнаас болсон юм биш байгаа” зэргээр олон нийт айж, бухимдаж байна. Мэдээлэлгүй хүн айдастай, хардалт дүүрэн байдаг. Тэр ч утгаараа “мах чанасан” үйл явдлын дараагаар олон нийтийн бухимдал хурцдаж, “махны араас олуулаа эрэн сурвалжлах” ажлыг өнгөрсөн шөнөжингөө хийв.

Харин энэ их бужигнаан, эргэлзээ, айдсын дунд чив чимээгүй суугаа хүн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан. Уг нь тэр мэдээлэл цацагдсан даруйд салбарынхаа хэмжээнд хяналт, шинжилгээ эрчимжүүлж, өнгөрсөн хугацаанд шинжилгээний дүнгээ гаргачихсан, Засгийн газартаа болон олон нийтэд танилцуулчихсан, дараагийн арга хэмжээндээ орсон байх ёстой буюу тийм хэмжээний хугацаа өнгөрөөд байна.

Шүүмжлэлийн галаас зугтаж, чимээгүй байхыг үндсэн философио болгодог зарчимтай хүн гэмээр даанч “амиа бодсон” дүрээр чив чимээгүй байсаар л байна. Тийм чимээгүй байгаагаас мах хэрэглэгч хүн бүхэн “дуугарч” эхэллээ. Асуудал одоо ганц З.Мэндсайхан сайдын мэдлээс хэдийн хальж, Засгийн газрыг дэнжигнүүлэх хэмжээнд газар аваад байна.

З.Мэндсайхан сайдын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ Засгийн газар дахь “өөрийн” хүмүүсийнх нь нэг. Түүнийг У.Хүрэлсүх МАН-ын дарга байхдаа ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлж, оруулж ирсэн. Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр хөдөө аж ахуйн салбарыг эдийн засагжуулах буюу МАА, ХАА-н салбарын бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх агуулгыг баримталдаг хүн. Мэдээж энэ нь түүний үндсэн мэргэжилтэй холбоотой байх. Гэхдээ хүнсний салбарын хамгийн чухал зүйл бол үнэ өртгөөс илүү чанар, аюулгүй байдлыг хангах явдал юм.

У.Хүрэлсүхийн “хүн” гэсэн шиг Засгийн газрын хэмжээнд өөртэй нь холбоотой асуудал яригдахад Ерөнхийлөгчийн өрөөний үүдийг сахиад суучихдаг хүн гэж ч төрийн ордныхон болоод УИХ-ын гишүүд ярилцдаг. Тэр ч утгаараа Ерөнхий сайдынхаасаа илүү Ерөнхийлөгчийн зааврыг голчилдог, танхимынхаа багийн тоглолтод хойрго ханддаг хандлагатай.

Гэхдээ нийт ард түмний үндсэн хүнсний аюулгүй байдлын асуудал дэнжигнэж байхад Ерөнхийлөгч байтугай бурхан байсан ч “хамгаалж үл чадна” гэдгийг ухамсарлах л шаардлагатай байв. Тун хожимдсон учир З.Мэндсайхан сайдыг огцруулах асуудал хэдийн яригдаад эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний танхим хэнэггүй, хариуцлагагүй сайддаа хариуцлага тооцох уу, танхимаараа хамгаалах шалтгаан бий юу?

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.