2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Махны экспортын зөвшөөрлийг долдугаар сарын нэгнээс цахимаар олгож эхэлнэ

"Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-д Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулснаа салбарын ААН-үүдэд танилцууллаа.

Тус систем долдугаар сарын 1-нээс ашиглалтад нэвтрэхээр болжээ.

Мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжилснээр экспортлогч ААН-үүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлэх аж. 

Тус цахим систем нэвтэрснээр өмнө нь мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 4-13 хоног болж багасаж байна.

Одоогийн байдлаар БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 18 компани байгаа бөгөөд экспортын эрхээ авах гэж сүүлийн 4-5 сар хөөцөлдөж буй олон компани байгаа талаар тухайн ААН-үүдийн төлөөлөл хэлж байлаа.

Тэгвэл МҮХАҮТ-аас экспортыг дэмжих, БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл хүсэх, бичиг баримтын бүрдүүлэлтэд туслах нэгжийг дэргэдээ байгуулсныг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн мэдээлэв.

Тус нэгж нь махны экспортын зөвшөөрөл хүсэх, шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх юм.

"Экспортын нэг цонхны цахим систем"-д цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бусад бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаа нэвтэрнэ 

"Экспортын нэг цонхны цахим систем"-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа хамрагдаж байгаа ч цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг системд нэвтрүүлнэ гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн захирал О.Нарандэлгэр хэлэв.

Экспортлогч ААН-үүдийн хувьд бичиг баримтуудаа цаасан хэлбэрээр олон газарт бүрдүүлж өгөх шаардлагагүй болсноор цаг хугацаа, зардал мөнгө хэмнэгдэж байгааг онцолж байлаа.

Мөн системтэй болон махны экспорттой холбоотой асуудлаар талууд харилцан санал солилцсон юм. Энэ үеэр цаашид махны экспортын зөвшөөрөл хүсэхэд МҮХАҮТ-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүдэд Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим системийг танилцуулах уулзалтад ХХААХҮЯ, ГЕГ, МЭЕГ, Хөдөө аж ахуйн биржийн холбогдох албаны хүмүүс болон 20 гаруй ААН-ийн төлөөлөл оролцжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.