2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Яг Монгол шиг Хөх хот

БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот 3.5 сая хүн амтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амтай дүйцэх хэмжээний төвлөрөл, хүн ам Хөх хотод суурьшдаг гэсэн үг. Хүн амынхаа тоогоор, байгаль цаг уур, ахуйн нөхцөл, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээрээ яг Монгол шиг. Гэвч нэг л зүйлээрээ тэс өөр юм. Түгжрэлгүй.

Хөх хотод хөл тавьсан даруйд хөгжиж буй хот гэдэг нь тун чиг тодорхой харагдана. Өндөр өндөр гоёмсог барилга, том том ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн угтана. Тэглээ гээд иргэд, машин хоёр нь хэзээ ч Улаанбаатарынхан шиг багтаж ядан чихэлдэхгүй, эл хуль. Өргөн сэлүүхэн авто замынх нь сүлжээ үнэхээр атаархам. Хөх хотод метро, давхар зам, гэрэлтүүлэг, камержуулалт, тэмдэг тэмдэглэгээ нь яг л стандарттай. Ногоон байгууламж, авто замын сүлжээгээрээ үнэхээр Хятад орон дэлхийн хотуудад “хичээл” зааж байна даа гэх бодол эрхгүй төрнө.

Жишээ дурдахад, Мексикийн нийслэл Мехико хотынхон авто замын түгжрэлээ  шийдэхийн тулд Хятадад үйлдвэрлэсэн анхны хөнгөн галт тэрэгээ захиалж. Энэхүү захиалга өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 11-нд бэлэн болж, Мехико руу хөдөлжээ. Тухайн хөнгөн галт тэрэг нь 29.56 метрийн урт, 2.65 метр өргөн бөгөөд 80 км/цаг хурдлах чадвартай гэнэ. Авто замын түгжрэл бол дан ганц монголын асуудал биш. Дэлхийн хотуудын тулгамдсан асуудал байна. Асар их хөрөнгө мөнгө, ухаалаг бодлого төлөвлөлт, зориг хүч, технологийн дэвшил, хүний хөдөлмөр шаарддаг түгжрэлийг шийдэх боломжтойг БНХАУ-ын эрдэмтэн судлаач, инженерүүдийн нүсэр баг олж харжээ. Ингээд дэлхийн хот, улсуудын түгжрэлийг өөрийн үйлдвэрлэлийн хурдан галт тэрэг, өндөр хурдны метроны байгууламж, авто замын ухаалаг технологиуд, роботууд, цахилгаан автобус, цахилгаан дугуй, скүүтер, бүх төрлийн мото зэргээр шийдвэрлэх асар том амбийцтай гүрэн улс болжээ, Хятад. Одоо хүссэн ч эс хүссэн ч дэлхийн улс орнууд БНХАУ-д захиалга өгөх нь. Сая саяар нь метро, хурдан галт тэрэг, автобус, скүүтер, дугуй, мотоцикль үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрд Хятад технологи хүргэгдсээр байна. Үйлдвэрлэгч орны хөгжил дэвшил гэдэг Хөх хот болоод Хятадын аль ч муж, сум сууринд очсон нэвт мэдрэгдэж байх.

Бидний очсон Хөх хот 2015 онд метроны анхны шугамаа барьж, дөрөвхөн жилийн дотор ашиглалтад оруулсан гэнэ. Одоо Хөх хот метроны хоёр шугамтай. Дахиад метроны гурав, дөрөв, тавдугаар шугамын бүтээн байгуулалтыг хйиж байгаа аж. Хөх хот хүн ам ихээхэн төвлөрсөн тул авто замын түгжрэл нь яг Улаанбаатарынх шиг байсныг ийнхүү метро барьж шийджээ.

Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хот 7224 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Тус хот Даланхар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд байдаг. Бээжингээс 500 км, Эрээн хотоос 490 км зайтай. Тус хотыг 1949 онд БНХАУ өөрийн бүрэлдэхүүндээ авч хөгжлийг нь шинээр зуржээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн өнгөө олж, түгжрэлгүй, давхар зам, дугуйн зам, метрогоороо гайхагдах аялал жуулчлал, бүтээн байгуулалт, үйлдвэржилт хөгжих боломжтойгоор төлөвлөсөн гэсэн үг.

Хөх хотынхон нийтийн тээвэр, такси үйлчилгээ, өөрөө явагч тээврийн хэрэгсэл буюу цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээгээрээ түгжрэлээ шийджээ. Улаанбаатарынхан шиг хувийн авто машинаар зорчигчид бий ч маш онцгой, зайлшгүй тохиолдолд жолооддог байна.

Иргэдийнхээ хөнгөн, авсаархан, байгальд ээлтэй, эдийн засагт гарзгүй цахилгаан дугуй, скүүтерт зориулж бүх замаа төлөвлөж 6-8 эгнээтэйгээр шийдсэн ба, явган зорчигчдодоо зориулж нүхэн болон гүүрэн гарцуудыг элбэг барьжээ. Өргөн замуудаа уулаа нүхлээд ч хийж, уулаа ороолгоод ч хийжээ. Агаар дээр хүртэл метрогоо явуулчихсан ард түмэнд түгжрэлээс болж бухимдах ямар ч шаардлага алга.

Тэгэхээр баасан ч шээсэн ч машинаа жолоодох асар өндөр хүсэлтэй монголчууд нийтийн тээвэр, цахилгаан дугуй, скүүтерийг яг Хятадууд шиг хэрэглэж байж түгжрэлээ гэтлэх нь ээ. Иргэдийн оролцооноос гадна метро, замын бүтээн байгуулалт, нүхэн болон гүүрэн гарцаа олшруулах хэрэгтэй байна. Үүнийг ганцхан хүнд даатгачихаад төсвийг нь мөшгөөд суух биш хотыг хэрсэн авто замын сүлжээтэй болоход уулга алдам хөрөнгө төсөв “булах”-аас өөр аргагүйтэй эвлэрэх л хэрэгтэйг Хөх хотын жишээнээс хараад ирэв.

Уул уурхай, ашигт малтмалаар баялаг, шохой, нүүрсний олон үйлдвэртэй Хөх хотын утаагаа хэрхэн шийдсэн баялаг түүхийг дараагийн нийтлэлээрээ сонирхуулах болно.

Эх сурвалж tand.mn М.Мөнхтунгалаг

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.