2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Монголын үнэртэй УТАА гэж БАЙХГҮЙ

2000-гаад оны дундаас огцом нэмэгдэж, гамшгийн түвшинд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух тарааж үзлээ, гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн шугамд холбох ажлыг эхлүүллээ, цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүллээ, түүхий нүүрсийг хориглолоо, шахмал түлш үйлдвэрлэлээ. Олон нийтээс шүүмжлэл сонсдог ч эдгээр алхмууд агаарын бохирдлыг бууруулахад тус тусын үүргийг гүйцэтгэсэнтэй маргах зүйлгүй. 2019 онд түүхий нүүрсний хэрэглээг Улаанбаатарт хориглож, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 30-40 орчим хувиар буурсныг судалгаагаар тогтоосон байдаг. Гэхдээ утаа бүрэн арилаагүй утааг бүрэн ялаагүй. Улсын нийслэл хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний аравт байр сэлгэн нэрдэгдсээр байгаа. Товчхондоо бол салхитай өдөр гайгүй, салхигүй бол утаатай. Бидний сонсохыг, ойлгохыг хүсэхгүй байгаа бодит үнэн энэ.

Улаанбаатарын утаа хэдийгээр өмнөө яваа нэгнээ харж чаддаггүй байсан үеийг бодвол буурсан ч 2019-2020 оны хэмжээндээ таг гацчихсан. Энэ янзаараа байвал утаа ч энэ түвшиндээ хэвээр байна гэсэн үг. Яагаад гэвэл сайжруулсан шахмал түлшний агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулах зорилго биелсэн, одоо найрлагыг нь өөрчлөхгүй бол ямар ч шинэ үр дүн гарахгүй. Шахмал түлш хийх гэж Тавантолгойгоос авч байгаа угаасан нүүрсний чанар муудаж байгаа тул харин ч эсрэгээрээ агаарын чанарын үзүүлэлтүүд эргээд муудах эрсдэл бодитоор нүүрлээд байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Нүүрснээс гадна агаарын бохирдолд чамгүй үүрэг гүйцэтгэдэг автомашинаас гардаг угаарын хий улам хортой болсоор байгаа. Эко машин гэж хуга сурталчлаад Улаанбаатарын замыг хахтал импортолсон Приус машины жолооч нар нүүрсэн яндангаа зарснаас болоод дизелийн түлшнээс ч хортой, ямар ч шүүлтүүргүй угаар бидний уушгийг шууд хордуулах болсоор удлаа.Гэр хорооллын 280 мянган өрхийн дулааныг цахилгаанаар шийдье гэхээр одоо байгаа хүчин чадал дийлэхгүй, одоогийн хэрэглээгээ хангаж чадахгүй Оросоос царайчилсан байдалтай. Хийгээр халаадаг болъё гэхээр өнөөдрийн утаагаа дахиад 20 жил уушгилах шаардлагатай. Дахин төлөвлөлт хийгээд инженерийн шугамд холбоё гэж өөдрөгөөр бодсон ч улстөржилтөө дийлэхгүй, асар удаан явж байх нь даанч харамсалтай. Цахилгаан, хийгээр дулаан хангамжийг шийдэх замаар яндангаа устгах нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэж ирсэн шийдэл мөн боловч хамгийн багадаа 20-25 жил шаардагдана. Эвлэрэх хэцүү ч үнэн энэ. Бээжин, Сөүл гэх мэт хүчирхэг эдийн засагтай хотууд ч хийн хэрэглээг бүрэн шийдэж чадаагүй байна. Одоо нэг шийдэл үлдэж байна. Тэр нь Эрчим хүчний яамнаас санал болгосон хагас коксон түлшний үйлдвэр яаралтай барьж, хэрэглээнд нэвтрүүлэх.

Хагас кокс бол коксжсон нүүрс биш гэдгийг монголчууд одоо ойлгож эхэлж байна. Үүнийг олон нийт заавал мэддэг байх алба байхгүй. Албаны хүмүүс коксжих нүүрстэй эндүүрэгдэхээр тайлбарласан нь алдаа байсан. Нүүрсийг угаасны дараа 600-800 хэмд жигнэж гурван төрлийн маш чухал бүтээгдэхүүн гаргаж авдгийн нэг нь хагас кокс. Хагас коксоор түлш үйлдвэрлэнэ. Одоо бидний хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний илүү сайжруулсан, илчлэг өндөртэй, шаталт сайтай түлш гэж ойлгож болно. Ганц ялгаатай нь мод уугиулж биш зориулалтын асаагуураар асаадаг. Агаарын бохирдлыг 2019-2020 оны түвшнээс дахиад 2 дахин буулгах боломжтойг лабораторийн судалгаагаар хөдөлшгүй нотлогдсон. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрснээс хагас кокс ялгаж авах үйлдвэр байгуулахад хамгийн багадаа 18 сарын хугацаа шаардагдана гэж Эрчим хүчний яамнаас мэдэгдэж, нийслэлээс 800 үнэт цаас гаргаж санхүүжүүлэх хувилбар санал болгосон.

Манай өмнөд хөршийн нийслэл Бээжин болоод бусад томоохон хотууд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрмэгц хүнд үйлдвэрүүдээ яаралтай нүүлгэж, 2015 оноос хагас коксон түлш үйлдвэрлэхэд гол хүчээ хаях бодлого хэрэгжүүлжээ. Одоо БНХАУ-д хагас коксон түлш үйлдвэрлэдэг 150 гаруй үйлдвэр бий. Ихэнхдээ жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан удирдлагатай үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр Хятад улс утаагаа ялж чадсан гэхэд хэтийдсэн болохгүй байх. Нүүрснээс хагас коксоос гадна хий, давирхай ялган авдаг. Хийгээр нь цахилгаан станцуудаа тэтгэнэ, давирхайг химийн үйлдвэр рүүгээ шилжүүлж шатах тослох материал болон хатуу хучилттай замд өргөнөөр бүтээгдэхүүн гаргаж авдаг. Үйлдвэржилт өндөр хөгжсөн улсад бол нүүрс-хими-эрчим хүчний цогц үйлдвэрүүдэд нь хагас кокс биш давирхай нь хамгийн чухал гэж үздэг юм билээ. Сонирхолтой нь, Хятадад үйлдвэрлэсэн хагас коксон түлшээ БНСУ зэрэг улсад экспортолдог. Хажууханд байгаа хөрш утаагаа ингэж шийдсэн байна.Хагас коксон түлш гэдэг ийм л учиртай ажээ. Хагас коксоор шорлогны нүүрс хүртэл өмнөд хөршид хэдийнэ үйлдвэрлэжээ. Утаа ялгардаггүй учир хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон гэж “гайхуулж” байх жишээтэй. Утаагаа дахиад 2 дахин бууруулъя гэвэл хагас коксон түлш рүү шилжсэн дэлхийн хотуудын жишгээс гажих боломж бараг үгүй. Бидэнд шинэ дугуй зохиох шаардлага бий билүү гэдгийг нийтээрээ нэг бодох хэрэгтэй санагдсан. Аливааг монголчлох гээд, эсвэл улс төр хийж чирч гулдарсаар байгаад цаг хугацаа алдсаны гор нь өнөөдрийн утаа мөн. Утаа бол ганц Улаанбаатарын зовлон биш. 21 аймгийн төвийн агаарын бохирдол Улаанбаатарын араас шил даран нэхэж яваа. Мөдхөн гүйцээд ирэх биз. Тэр үед үүргээ нэгэнт гүйцэтгэчихсэн сайжруулсан шахмал түлшээ тойрч хэрэлдээд сууж байх уу, хагас коксон түлшний үйлдвэрээ барьчихсан Улаанбаатарын утааг 80 гаруй хувьтай бууруулчихаад нүүр бардам байх уу.

Ер нь тэгээд утаанаас ангижирсан дэлхийн жишгийг монголчлох ямар ч боломжгүй, шаардлагагүй шүү дээ. Дэлхий нийт ДЭМБ-аас гаргасан нэг л жишгээр агаарын бохирдлоо хэмждэг. Ижил шийдэл, зорилгоор агаарын бохирдлоо бууруулахаар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлсээр ирсэн. Монголын үнэртэй утаа гэж тусдаа байхгүй. Хамгийн том гарз хохирол бол эрүүл мэнд, цаг хугацаа хоёр. Харамсалтай нь бид энэ хоёр үнэт зүйлийг хамгийн үнэ цэнгүй болгочихжээ.

Б.ТҮВШИНТӨГС, NIISLELTIMES.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.