Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2024.01.11) Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Олон улсын сайн жишгийн дагуу дэлхийн томоохон хотууд эдийн засаг, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах замаар шийдвэрлэж байна. 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг Улаанбаатар хот дангаар үйлдвэрлэж буй томоохон зах зээл болоод байна. Хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна. Төсөв дагасан уг санхүүгийн схемийг шинэчлэн, олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм юм.Монгол Улсын хөрөнгийн зах зээл 10 их наяд төгрөгийн хэмжээнд хүрч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд эрчимтэй өсч байна. Гэвч дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил хангалтгүй байгаа шалтгааны улмаас дотоодын зах зээлд орон нутгийн бонд гаргахад түүнийг худалдаж авах мэргэжлийн хөрөнгө оруулагч, ялангуяа орон нутгийн болон ногоон бонд зэрэг нийгмийн, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хариуцлагатай хөрөнгө оруулагчид хангалтгүй байгаа бөгөөд гол сонирхож буй субьект нь арилжааны банкууд болж байна.
Арилжааны банкуудын хувьд аль болох өгөөж өндөр өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхолтой бөгөөд зах зээл дээр хэт давуу байдалтай байна. Улмаар зах зээл дээрх өгөөж өндөр, богино хугацаатай өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхол хандлагатай байгаагаас дотоодын хөрөнгийн зах зээлд ногоон болон орон нутгийн бондыг гаргахад бусад өрийн хэрэгслүүдтэй өгөөж, хугацааны хувьд өрсөлдөх шаардлага үүсэж тухайн нэр төрлийн бондуудын хувьд зардал өндөртэй босох үндэслэл болж байна. Мөн Банкны тухай хуулийн дагуу арилжааны банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй бөгөөд улмаар нийслэлийн хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг дан дотоодын зах зээлээс босгох зах зээл хязгаарлагдмал байна.
Өрийн удирдлагын тухай хуульд нийслэл зөвхөн дотоодын зах зээлд өрийн хэрэгсэл гаргаж болно гэж заасан нь манай улсын хувьд зардал ихтэй, өндөр хүүтэй өрийн хэрэгсэл гаргахад хүргэж байна. Нөгөө талаар олон улсын зах зээл дээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах чиглэлээр дэлхийн улс орнууд далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь ногоон санхүүжилтийг хөгжүүлэх явдал бөгөөд хөгжингүй улс орнууд ихээхэн хэмжээний хөрөнгийг энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад зориулах чиг хандлага дэлхий даяар эрчимжиж байна байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн ногоон зээл болон бондын хүү бага бөгөөд 2023 оны 4 сарын Олон Улсын Валютын Сангийн судалгаанаас үзэхэд хөгжиж буй орнуудын хувьд ногоон болон энгийн бондын хүүгийн түвшиний зөрүү 2% орчим байна.
Мөн бага өгөөжтэй ч нийгмийн болон байгаль орчны хувьд эерэг нөлөөлөл авчрах төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах “үр нөлөөллийн хөрөнгө оруулалт” хийх хөрөнгө оруулагч, донор байгууллагуудын сонирхол их байна. Эдгээр хөрөнгө оруулагчид ашгийн төлөө гэхээс илүүтэйгээр эрсдэлгүй, нийгмийн ач холбогдол өндөртэй өрийн хэрэгслүүдийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх сонирхол өндөр байна.
Иймд дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгосноор урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Нийслэл нь олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд төсөлд нийслэл нь Засгийн газрын нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгасан аж.
Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
24news.mn