Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны гол сэдэв нь нийслэл хотын эрхзүйн байдал болон бүтээн байгуулалтын асуудал байлаа. Хотын эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ирэх долоо хоногт бүлгийн хурлаар оруулаад УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газраас өглөө. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг анх 1993 онд санаачлан батлуулсан. Үүнээс хойш 31 жил өнгөрч, орчин нөхцөл өөрчлөгдсөн, мөн зарим аймгийн хот, тосгон бие даан эдийн засгаа бүрдүүлэх болсонтой холбоотойгоор шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Манай улсын эдийн засаг цаашид өргөжин тэлснээр төсвөө өөрсдөө бүрдүүлэх чадамжтай хот, тосгон нэмэгдэх хандлагатай байгаа тул эрхзүйн байдлыг нь шинэчлэхгүй бол зөвхөн Засгийн газрын шийдвэрийг харсан, баригдмал явцуу байдлаар орон нутгийн хөгжилд саад болох эрсдэлтэй гэдгийг онцолъё.
Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу чиг үүргийн яамнуудад, тэр тусмаа нийслэл хотод төвлөрсөн Ажлын хэсэг байгуулахаар болсон. Нийслэл Улаанбаатар хот өөрийн бие даасан хуультай болбол бүтээн байгуулалт, түгжрэл болон тулгарч буй асуудлыг саадгүй шийдэх эрхзүйн орчныг бүрдүүлж өгснөөр төлөвлөсөн ажил хийгдэхэд тулгардаг ихэнх бэрхшээл алга болно гэж үзэж байна. Үүнээс гадна Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэснээр хот өөрсдөө хувийн хэвшлийн байгууллагуудтай бие дааж хамтран ажиллах боломж бүрдэх юм” гэв.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулсан байна. Тус хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.