2025 оны 01 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Д.Мөнхбаатар: Улаанбаатар хотод яндангүй бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төвлөрсөн гурван хогийн дээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын яндангүй бүсийг тогтоох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ирэх онд нийт 40.000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ.  Мөн их, дунд багтаамжийн 1278 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1130 автобус иргэдэд үйлчилдэг. Ирэх онд 1016 автобусыг газны хэрэглээнд шилжүүлнэ” гэв.

Түүнчлэн ирэх оронд 4400 орчим айлыг орон сууцанд хамруулна. Тодруулбал, Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 520 орон сууц, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 3’858 орон сууц ашиглалтад орох юм.

Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулан хотын төвлөрлийг сааруулан нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

 

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.