Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хуулийн үзэл санааны талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрээр, Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс авлигатай тэмцэх нөхцөл, эрх зүйн орчин туйлын хүнд байсан. Удаа дараагийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод хуулиар 30 гаруй их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсныг ил болгосон. Тэр байтугай эрүүгийн хуулийн зүйл заалт, хулгай нь хүртэл устаж алга болж байсан. Өнгөрсөн жилүүдэд энэ мэт амаргүй хүнд нөхцөлд АТГ ажиллаж ирлээ. Үр дүнд нь Монголын нийгэм авлигад идэгдсэн, албан тушаалтан гэхээр хүмүүс түүнийг баян хүн гэж ойлгодог болсон.
Мөн бусдаас хавьгүй илүү амьжиргаатай, хийсэн бизнесгүй мөнгөтэй хүмүүс Монголын улс төрд олширсон. Би үүнийг судлаачийнхаа хувьд хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Хамтарсан ЗГ байгуулагдаад "Шударга ёсны төлөөх тэмцэл"-д ахиц гаргах ёстой гэдэг үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан.
Авлигач албан тушаалтнуудаас заавал хөрөнгийг нь хураадаг байя. Өнгөрсөн хугацаанд өршөөгдсөн болон ямар нэгэн аргаар өөрсдийгөө хаацайлаад гарсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм бол хураах ёстой байсан хөрөнгийг нь одоо хураана. Цаашдаа ер нь нийтийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гээд өндөр албан тушаалтнуудаас эхлээд төрийн өмчит компанийн захирлууд өөрсдийн хөрөнгөө хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя.
Эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих зүйл заалт, цаашлаад авлига албан тушаалтай холбогдож байгаа үйл явдлыг үндсээр нь таслан зогсоож, дахин авлигын гэмт хэрэг гарахад юун түрүүнд хөрөнгийг нь хураадаг нөхцөлтэй байя гэж байгаа юм. Тухайн хураасан эд хөрөнгөөр тусгай сан байгуулж боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна. Ийм л хуулийг өнөөдрөөс хэлэлцэж эхлэх гэж байна. Хэрэв авлигачдын хөрөнгийг төвлөрүүлэхэд маш том өөрчлөлт гарна гэж тооцож байна.
24news.mn