2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
С.Жавхлан Монголын эх орончдын нэр хүндийг унагаж байна

СУИС төгссөн, нийтийн дуучин С.Жавхлан УИХ-ын 2016 оны сонгуулийн 54-р тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан билээ. Энэ нь Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хороо гэсэн үг бөгөөд тэрээр морь унаж давхин, өвөрмөц сурталчилгаа хийсэн нь олны талархлыг ихэд хүртэж байв.

Харамсалтай нь УИХ-ын гишүүнээр ажилласнаасаа хойш өөрийн бүрэн эрхэд хамаарах ямар ч  тодорхой санал, санаачилга гаргаагүй төдийгүй харин ч байр сууринаасаа ухарсан, эргэж буцсан олон үйлдэл хийж буй нь олон нийтийг бухимдуулах боллоо.

 

Тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах санал гаргасан ч түүнээсээ буцаж,  өдгөө огт өөр зүйл ярин олныг сатааруулах гэж оролдох болсон юм. Мөн тэрээр энэ хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачлаагүй төдийгүй УИХ-ын чуулганы дэгийг ч сайтар судлалгүй, батлагдсан хуультай холбоотой завсарлага авья хэмээн ярьж, олон нийтийн "элэг доог" шахуу төрийн түшээгийн жишээ, дүр болж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Түүнчлэн дуучин С.Жавхлан Б.Наранхүүгийн хамт УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүн болоод байна. Үүнийгээ зөвтгөх гэж тэрээр өчигдөр хэвлэлийн хурал хийлгэн, "Миний үгийг нохой хуцсан чинээ тоохгүй байгаа болохоор ажлаа тасалж байгаа юм" хэмээн инээдтэйгээ тайлбарлажээ. Юутай ч УИХ-ын гишүүн С.Жавхлангийн энэ туйлбаргүй, инээдтэй үйлдлүүд нь хойшид Монголын төрд чин үнэнчээр зүтгэх хүсэлтэй, мэдлэг боловсролтой олон эх орончдын нэр хүндийг унагах хортой үр дагавар дагуулж мэдэх юм.

 

П.Мандах

sonin.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.