Өнгөрсөн бямба гаригийн үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн “Хадат Вилла” зуслангийн айлаас хулгай хийгээд явж байсан хоёр хулгайчийг цагдаа нар илрүүлэн шалгаж байна. Тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, 52 настай Ц,45 настай М. нарыг баривчлан саатуулжээ.
Тэд ах дүү хоёр бөгөөд Ц. нь хулгай танхайн хэргээр ял эдэлж байгаад гурван жилийн өмнө суллагдсан аж. Тэднийг хулгай хийж байгааг анзаарч цагдаад дуудлага өгсөн иргэнийг хулгайч нар хутгалаад зугтаасан боловч холдолгүй баригджээ.
Зусланд гарч байгаа айлуудыг хаалга үүдээ цоожилж,эд хогшлоо хамгаалан сонор сэрэмжтэй байхыг цагдаагийнхан анхааруулж байна.
Зуслангийн чиглэлд гарч байгаа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоо хяналтаа сайжруулахыг иргэн бүр бодох хэрэгтэй. Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан орон гэртээ дохиолол тавиулах нь эд хөрөнгөө хамгаалах найдвартай арга гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байна.
Н.Намуун
24news.mn