НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Өргөө амаржих газарт зочиллоо. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тус эмнэлэгт НИТХ-ын төлөөлөл очсон нь гаргасан шийдвэрээ газар дээр нь очиж танилцуулсан нь шинэлэг алхам болсон юм.
Өргөө амаржих газарт нэн шаардлагатай дурангийн хагалгааны 500 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг НИТХ-ын дарга Ц.Сандуй хөөцөлдөн Австралийн Мельбүрн хотын “Рояал Вүмэн” эмнэлэгээс буцалтгүй тусламжаар тус эмнэлэгт авч өгөх нөхцлийг бүрдүүлжээ. Уг тоног төхөөрөмжийг Австрали улсаас тээвэрлэн авчрах зардал байхгүйн улмаас Өргөө амаржих газрынхан тоног төхөөрөмжөө авч чадалгүй хугацаа алдсан. Үүнийг нь сонссон НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудалд анхаарал хандуулан энэ 7 хоногийн хуралдаанаар тоног төхөөрөмжийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэсэн юм. Энэ тухай шийдвэрээ Өргөө амаржих газрын албан хаагчид болон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эх, хүүхдүүдэд танилцуулсан юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгийн буцалтгүй тусламжаар ирэх дурангийн мэс заслын аппарат, дагалдах тоног төхөөрөмжийн замын зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж учраас иргэдийн хурлаас уг тоног төхөөрөмжийг Монголд авчрах замын зардлыг нь гаргахаар болсон.Энэхүү тоног төхөөрөмж Өргөө амаржих газарт ирсэнээр эх, хүүхдийн олон эмчилгээг хийх боломж бүрдэнэ гэлээ.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч НИТХ-ын зүгээс Эрүүл мэндийн салбарт илүүтэй анхаарч, боломж нөөцөө шавхан хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн зорилго тавьсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 4.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардлыг НИТХ-аас тусгаж өгчээ. 2017 онд уг мөнгийг зарцуулна. Ингэхдээ Нийслэлийн харьяа эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад уг мөнгөний дийлэнх хэсэг нь зарцуулагдах учиртай. Тухайлбал Халдварт өвчин судлалын үндэсний төвд нэн шаардлагатай байгаа Элэг шилжлүүлэн суулгахад хэрэгтэй тоног төхөөрөмж авахад 1 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг НИТХ-аас гаргасан байна. Элэгний өвчлөл хүн амын дунд цонхилох болсон. Нас баралтын 3 дахь шалтгаан нь элэгний өвчлөл. Иймээс ч энэ тал дээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал анхаарал хандуулж, холбогдох шийдвэрийг яаралтай гаргах чиглэл баримтлан ажиллаж байгаа юм байна.
“Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр “НИТХ-ын дарга болон, төлөөлөгчдийн ачаар 500 сая төгрөгийн өртөг бүхий аппараттай болсноор өдрийн дурангийн мэс заслыг хийх боломж бүрдэж байна. Дурангийн мэс заслын иж бүрэн аппарат, дагалдах тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, нярайн дулаацуулах ширээ болон шарлагын аппарат, умайн хүзүү дурандах кольпосколи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж багтаж байгаа гэв.
Австрали улсын Мельбурн хотын эмнэлгүүдтэй нийслэлийн “Өргөө” амаржих газар 2009 оноос хойш хамтран ажиллаж иржээ. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон ажлыг хийх яриа хэлэлцээрийг эмнэлэг хооронд хийхийн зэрэгцээ НИТХ-аас ач холбогдол өгч ажиллаж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Өргөө амаржих газарт хүүхдээ төрүүлсэн 15 эх, тэдний бяцхан үрсэд НИТХ-ын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан гарын бэлэг гардуулж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөсөн юм.
24news.mn