Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр юуны өмнө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд болон эмнэлгээр үйлчлүүлж буй жирийн иргэдтэй уулзаж, ажлаа эхлүүлсэн юм. Түүнийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Мэндбаяр тосон авч, эмнэлгээ танилцуулж, тулгамдаж буй асуудлаа ч ярьсан юм. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилга энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орж, эмч нар шинэ эмнэлэгтээ орсноор ажиллах урам зоригоор дүүрэн байгаагаа ярьж байлаа. Мөн эмнэлгийн аппарат, хэрэгсэл дутмаг байгаа талаараа ч хэлж байсан юм. Түүнээс гадна эмнэлгийн дарга болон ажилтнууд тэтгэврийн насыг нэмсэн асуудалд нэлээд санаа зовж буйгаа илэрхийллээ. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өөрийн мөрийн хөтөлбөртөө эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудал болоод эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй бүхий л зүйлсийг шийдвэрлэхээр цогцоор тусгасан гэдгээ ч хэлсэн юм.
Эмнэлгийн ажилтан, эмч нартай уулзсаны дараа Хэнтий аймгийн Цагдаагийн албан хаагчидтай уулзаж, санаа бодлыг нь сонслоо. Уулзалтын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ Хэнтий аймгийн иргэдийн амгалан тайван байдлын төлөө ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад амжилт хүсч, баярласнаа илэрхийлсэн юм. Түүний дараа Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Ерөнхий нягтлан бодогч тулгамдаж чухам ямар асуудал тулгарч, шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар нэр дэвшигчдэд уламжиллаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн шинэ албан хаагч сардаа 650 орчим мянган төгрөгийн цалин гар дээрээ авч байгаа аж. Харин ахлагч болоод, офицер цолтой албан хаагчид 900 мянгаас 1.2 сая орчим мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүний орон тоо бага учраас ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс шаардлагатай орон тоонд хүрсэн албан хаагч ажиллуулах хэрэгтэй байгааг ч хэлсэн. Гэхдээ хөдөө орон нутагт цагдаагийн албан хаагчид ажиллаж амьдрах, нийгмийн асуудлаа шийдэх нөхцөл муу учраас залуучууд тогтвор суурьшилтай ажиллахад саад болж байгаа юм байна. Дээрээс нь цагдаагийн автомашины парк шинэчлэлийг ч хийх хэрэгтэй байгаа аж. Учир нь шинэ биш, үйлдвэрлэсэн улсдаа явж байсан машин оруулж ирж өгч байгаа учраас хурдан эвдрэх зэрэг хүндрэл багагүй гардаг ажээ. Гэхдээ Хэнтийн аймгийн сумдын хэсгийн төлөөлөгчдийн 70 хувь нь машинтай, 100 хувь мотоциклтэй болсон юм байна. Түүнээс гадна комьпютер, техникийн шинэчлэл хийх хэрэгтэй байгааг мөн дуулгасан. Учир нь хөдөө орон нутагт дандаа энд тэндээс актлагдсан, муу техник хэрэгсэл өгдөг юм байна. Уулзалтын дараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга болон АН-ын дарга С.Эрдэнэ нарын сэтгэгдлийг сонслоо.
Х.Баттулга: Эзэн Чингис хааныхаа нутгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээ
АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
-Монгол Улсын Ерөнхийлөгчиийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа 2017 оны зургадугаар сарын 6-ны өдрөөс эхэллээ. Би сонгуулийн сурталчилгаагаа Эзэн Чингис хааныхаа нутаг Хэнтий аймгаас албан ёсоор эхэлж байна. Биднийг энд ирэхэд Нэгдсэн эмнэлгээр орооч гэж урьсан юм. АН-ынхан эрх барьж байхдаа 2014 оны төсөвт хөрөнгийг нь суулгаад, барилгын ажлыг эхлүүлсэн. 2015 онд царцсан боловч 2016 онд дахиж төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж өгснөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орж, иргэдэд үйлчилж байна. Хөдөө орон нутаг, алслагдсан сумын багш, эмч нар маш бага цалинтай байдаг. Дундаж цалин нь 500 мянган төгрөг. Зарим газар бүр 400 мянган төгрөг рүү орж байна. Ийм цалин аваад, хүнд, ачаалалтай ажил хийнэ гэдэг хэцүү. Эмч нар өдөр, шөнийг ялгахгүй байнга бэлэн байдалд ажилладаг. Гэтэл сардаа хэдхэн төгрөгийн цалин аваад, амьдрал ахуйгаа залгуулж, нийгмийн асуудлаа шийднэ гэдэг боломжгүй. Тэр дундаа орон сууцны асуудал байна. Тийм болохоор цалин болоод орон сууцжуулах асуудлыг онцгой анхаарч, шийдвэрлэх хэрэгтэй. Хөдөө олон жил бага эмчээр ажилласан, багш хийсэн хүмүүсийг орон сууцаар хангах ажилд онцгой анхаарна. Дээрээс нь иргэдтэй уулзахад эхнээсээ тэтгэврийн насыг ярьж байна. Монгол Улс чинь онцлогтой, дөрвөн улиралтай, хатуу ширүүн нөхцөлтэй. Тэгээд ч хөгжилтэй орнуудтай харьцуулахад дундаж наслалт ямар билээ. Гэтэл тэтгэврийн насыг 65 болгож нэмэх нь тийм ч оновчтой биш. Тиймээс энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Мөн цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд мөрийн хөтөлбөртөө цогцоор тусгасан байгаа.
С.Эрдэнэ: Төрийн албан хаагчдын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ
АН-ын дарга, УИХ-ын гишүүн
-АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийн Эдийн засаг, нийгмийн зорилт дотор төрийн болон төсвийн албан хаагчдын нийгмийн болон цалингийн асуудлыг шийдэхээр тусгаж өгсөн. Төрийн албан хаагчдын ихэнх нь багш, эмч нар байгаа. Тэгвэл тэдний 70-80 хувийг эмэгтэйчүүд эзлэдэг. Тиймээс тэдний амжиргааны төвшинг дээшлүүлэх, ажиллах орчинг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Түүнээс гадна, тэтгэврийн насыг нэмж буй асуудлыг иргэд маш их ярьж байна. Манай намд иргэдээс гомдол, санал их ирж байгаа. Монгол Улс 2030 он хүртэл тэтгэврийн насыг ярих ёсгүй. Яагаад гэвэл, манай улсад амьдралын төвшин ямар байгаа билээ. Хөгжилтэй улс орнуудынх ямар билээ дээ. Англи, Франц, Германтай Монголыг харьцуулшгүй. Тиймээс тэтгэврийн насыг нэмэх цаг болоогүй. Би өөрөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан хүний хувьд. АН-ын даргын хувьд энэ асуудал онцгой анхаарал тавьж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрт ч тусгаж ажиллаж байна.
24news.mn