Гурван хүүхдийн амийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар, “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Цагдаагийн дэслэгч Б.Баттулга “Бид өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл, шалгалт хийж явах үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байхыг хараад шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч байшин болон хажуу айлын хашаа руу орох эрсдэл үүссэн байсан. Хажуу айлын хүнд нь “Онцгой байдлын газарт дуудлага яаралтай өгөөрэй” гэж хэлээд, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг намжаан, унтрааж байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан. Гурван бяцхан хүүхдийг амь насыг галд өртөх аюулаас аварч чадсандаа хамгийн их баярлаж байгаа. Өнөөдөр шагнуулсандаа сэтгэл өндөр байна” гэж ярьжээ.
24news.mn