2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ч.Чимэд: Төрд хяналт, хазаар хэрэгтэй байна

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Увс аймагт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Энэ үеэр аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чимэдийн хэлсэн үгнээс онцоллоо.

 
1990 онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын дүнд монголчууд бид сонголттой нийгмийг цогцлоон бий болгож, улам бүр баталгаажуулахын төлөө өдгөө долоо дахь удаагаа улс төрийн сонгуульд саналаа өгөөд байна. Бидний сонголтын үр дүн зөв, буруу байсан эсэхийг гагцхүү цаг хугацаа харуулдгийг 2016 оны УИХ-ын сонгуулиас бэлээхэн харж болох биз ээ. Миний сонсч, дуулж, харж байгаагаар нэг жилийн өмнө хийсэн бидний сонголт тийм ч оновчтой, үр дүнтэй сонголт байсангүй ээ. 
 
Нийгмийн уур амьсгал, сонгогч олны санал сэтгэгдэл тийм ч сайнгүй байгааг хэн бүхэн харж байгаа. Төлбөрийн дарамтад орсон эдийн засаг, эрүүл мэндийн салбарын уналт доройтол, ажилгүйдэл газар авч, эрх тэгш байдал алдагдсан, хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хараат болсон, хэрэгжилт нь дутагдаж буй засаглал, үндэсний үнэт зүйлээ гээсэн ард түмэн гээд болж бүтэхгүй бүхэн ард түмний дунд яригдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч цацагдаж байна.
 
Иргэдийнхээ мэдэх эрхэнд халддаг, эх орноосоо урвасан хэргийг хэрэгсэхгүй болгодог, өрийн босгыг 105 хувь болгоно гэхчлэн олон таагүй мэдээлэл биеллээ олж эхэллээ. Энэ бидний сонголт байсан юм гэж үү. Улс орны хэмжээнд яригдаж буй энэ асуудлыг анхаарч үзэхийн дээр аймгийнхаа хэмжээнд харьцуулан харж сууна. 
 
Төсөв хэтрүүлсэн Засаг даргатай, хямрал нэрээр ажлаа зогсоосон албадуудтай ийм л төрийн байгууллага аймаг, орон нутгийг авч явж байна. Хямарсан гэх мөртлөө аймгийн Засаг дарга нь Тамгын газартаа дөрвөн шинэ машин авдаг, орон тоогоо дураараа нэмдэг, хэний ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар төрийн 200 гаруй албан хаагчийг ажлаас нь халдаг. Үүний үр дүнд 80 гаруй сая төгрөгийн шийтгэврийн буцаан олголтыг шүүхээс гаргадаг гэхчлэн хууль бус үйлдэл хээрийн түймэр шиг газар авлаа. Тиймээс энэ төрд хяналт, хазаар хэрэгтэй байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг ажваас энэ үйл хэргийг хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж, ард түмнийхээ талд зогсч чадах чин шударгуу хүн бол Халтмаагийн Баттулга байна гэдэгт итгэлтэй байна. Хэнийг ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэг зарга тохоодоггүй, хэлмэгдүүлдэггүй төрийн тэргүүн байж чадах хүн бол Халтмаагийн Баттулга юмаа. 
 
Хийсэн нь нүднээ илхэн, хэлж ярьдаг нь үнэн байдаг энэ хүнийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болгож, жилийн өмнө хийсэн сонголтын алдаагаа засахад иргэн бүрийн оролцоо чухал болжээ. Төр ганхаж буй энэ эгзэгтэй цаг үед монголчууд бидэнд хэлсэндээ хүрдэг, эх оронч Ерөнхийлөгч хэрэгтэй. Энэ удаагийн сонгуульд нам гэхээсээ илүүтэй хүнийг нь харж сонгох нь улс орны тусгаар тогтнол, төр улсын дархлаатай холбоотой чухал асуудал болоод байна” гэв. 
 
Эх сурвалж: Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штаб 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.