2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7451 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 186 нэгж буюу 2.4 хувиар буурсан байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Туул голын орчимд бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр тоглож зугаалах, иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живж амь насаа алдах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 128, зөрчлийн шинжтэй 1350 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1437 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 690 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар буурсан байна. Шалган бүртгэх товчоодод нэмэгдлээр хэв журмын 12 алба хаагчийг 3 ээлжээр замын цагдаагийн алба хаагчтай хамтран ажиллуулахаас гадна ЗХД-ийг сахиулах, малын хулгай, зөвшөөрөлгүй мах тээвэрлэх нөхцлийг таслан зогсоох зорилгоор орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлүүдэд байрлах замын цагдаагийн 24 цагийн байнгын постуудад ОБЕГ, МХЕГ-тай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 65 зөрчил илрүүлж НМХГ-т шилжүүлсэн байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Нийслэлд орчмоор өнгөрсөн хоногуудад халж хуурайшилтын “Нэн аюултай” зэрэглэд байна. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд халалт үргэлжлэх хэдий ч нийт нутгаар бороо орох төлөвтэй гэсэн байгаа. Нийслэлийн бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна. Өнгөрсөн  хоногуудад нийслэлд 8 ой хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан. Мөн “Говь” компанийн байрны дээврийн 30000 ам метр талбайн галыг 20 цаг ажиллаж байж бүрэн унтраасан. Ой хээрийн түймэр болон “Говь” компанийн дээврийн галыг унтраахад иргэд, олон нийтийн болон төрийн байгууллагаас олон талын дэмжлэг тусалж үзүүлснийг энд дурьдах нь зүйтэй” гэлээ. 

“Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн байгал орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. НБОГ, ТГСГЗ, НГА-тай хамтарсан хяналт шалгалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 145 ААН хамрагдахаас 142 ААН хамрагдсан. Шалгалтаар айгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, олборлолт, үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт  хийгээгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, худаг ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт гаргуулаагүй, ус авах шугам хоолойг тоолууржуулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Шалгалтын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газарт 34 ААН-ийн тусгай зөвшөөрөл түтгэлзүүлэх санал хүргүүлсэн. Мөн 74 ААН-д Улсын ахлах байцаагчийн албан шаардлага, үйл ажиллагаа түр зогсоох 21 актыг 2 сарын хугацаатай хүргүүлсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, хүүхдийн  зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох, санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Мөн сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.