2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ой хээрийн түймрийн буруутныг тогтоож, 30.1 сая төгрөгийн хохирлыг төлүүлжээ

Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн 4 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналтай прокурорт шилжүүлсэн, одоогийн байдлаар нийтдээ гал түймэртэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

2017 оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас 3, татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас 7, аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурмаа асгаснаас 5, гэрийн яндангаас үсэрсэн очноос 3, хог шатааснаас 3, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс 2, галт зэвсэг хэрэглэсний улмаас 1, ил задгай гал түлснээс болж 8 түймэр гарсан болох нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагад 2017 оны долдугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Уг түймэр нь хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад тогтоогдсон байна. Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байна.

Т.Гэрэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.