2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ү.Хүрэлбаатар: Р.Нямдорж тамга тэмдгээ өгөхгүй, биднийг Бөхийн Өргөө рүү ч оруулахгүй байна

Жил бүрийн баяр наадмаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаантай холбоотой иргэдийн санал шүүмжлэл хөвөрсөөр байдаг билээ.  

Бөхийн барилдааны тухайд гэхэд энэ жил улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Г.Ганжад нарын барилдааны шүүлт олон шүүмжлэл, маргааныг дагуулав.  

Хоёр бөх тун ойролцоо унасан учир тавын даваанд Ч.Санжаадамба Г.Ганжадад өвдөг шороодсон, үгүй хэмээн маргаан гарсан юм. 

Харин хөлийн цэцүүд хуралдаж Г.Ганжадыг давсанд тооцсон. 

Ингэхдээ хөлийн цэцүүд орчин үеийн технологи буюу видео бичлэг зэргийг ашиглахаас татгалзсан зэрэг нь иргэдийн дунд Монголын Үндэсний Бөхийн Холбоо хууль дүрмээ шинэчлэх ёстой гэсэн маргаан талцал дагуулж эхлээд байгаа юм. 

Гэвч уг шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэх ёстой Монголын Үндэсний Бөхийн Холбооны (МҮБХ) удирдлагууд одоо хүртэл дотоод асуудлаа шийдээгүй байна. 

Энэ талаар МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатараас тодруулахад "Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 14 жилийн дараа буюу 2017.05.28-ны өдөр хуралдуулж Үндэсний Бөхийн Холбооны шинэ тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон. 

Гэтэл МҮБХ-ны Тэргүүн гэх Р.Нямдорж Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдгээ авч зугтаж байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлэхээр тайван жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан.

Удаа дараа уулзах хүсэлт явуулсан. Бөхийн холбоо, Р.Нямдорж одоо хүртэл тамга тэмдгээ өгөхгүй, биднийг Бөхийн Өргөө рүү ч оруулахгүй байна. 

Бөхийн Холбооны тэргүүнийг сонгох ажлыг 14 жил будилуулсан.

Шинээр томилогдсон хүмүүсийн ажлыг хийлгэхгүй байна. 

Сая наадмаар болсон явдлыг хүмүүс бүгд харсан. 

Хөлийн цэцийн 5 хүний дөрөв нь Төв аймгийнх байгаа юм.

Ингээд тэр талд шийдвэр гаргаж байна. Энэ нь МҮБХ шударга бус ажиллаж байгааг харуулах жишээ.

Энэ зүйлийг өөрчлөхийг л бид хүсэж байна.

Түүнээс ямар нэгэн албан тушаал, тамга тэмдэгтээ гол нь биш. Р.Нямдоржид шүүхээс хариуцлага тогтооно гэж найдаж байна" гэлээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.