Өчигдөрөөс эхлэн нийслэлийн цэцэрлэгүүдэд 3-5 настай хүүхдүүдийг ажлын цагаар бүртгэж эхэлсэн билээ. Бүртгэл наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд эцэг, эхчүүд бүртгүүлэхдээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон 2 хувь цээж зураг, эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх, хуулбартай очиж үнэ төлбөргүй бүртгүүлэх ёстой.
Гэвч Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 230 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэж авах үеэрээ эцэг эхчүүдээс 30 мянган төгрөг нэхжээ. Тодруулбал, гялгар уутан цэнхэр өнгийн улавчний төлбөрийг бүтэн жилээр нь авна, хэрэв гялгар уутан улавчны мөнгөө төлөхгүй болж хүүхэд бүртгэж авахгүй гэсэн байна. Энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан иргэн нь "Бид жилийн жилд даавуун улавч хийгээд түүнийгээ угааж арчаад өмсдөг. Энэ нь байгаль орчинд ч ээлтэй. Гэтэл заавал гялгар уутан улавчны мөнгийг өг гээд байж таарахгүй. Мөн аяга таваг угаагч шингэн бас нэхдэг" хэмээсэн юм.
24news.mn