2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хангайн бүсийн залуучуудын чуулган боллоо

Хангайн бүсийн залуучуудын чуулган боллоо

Хангайн бүсийн залуучуудын чуулган энэ сарын 25,26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн "Өвгөн Жаргалант” зусланд "Эрхээ идэвхжүүлье:Залуучуудын оролцоо сэдэвт уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Хангайн бүсийн чуулганд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, "Эрхээ Идэвхжүүлье:Залуучуудын оролцоо” төслийн зохицуулагч С.Болорцэцэг, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Эрдэнэчимэг болон Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцсон юм. Мөн "Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны 20 гаруй эмэгтэйчүүд чуулганд идэвхтэй оролцлоо.

Чуулганыг нээж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат үг хэлсэн юм. Тэрээр "МЗХ, НҮБ-ны Ардчиллын сантай хамтран "Эрхээ идэвхжүүлье:Залуучуудын оролцоо төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл 3 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн 3 дугаар шатанд таван бүсийн чуулганыг зохион байгуулах юм. Эхний бүсийн чуулган Баянхонгор аймгаас эхэлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр залуус сонгууль болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох оролцоо нь эрс нэмэгдэж байна. Тухайлбал 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуус маш идэвхтэй оролцлоо. СЕХ-оос мэдээлснээр 2012 онд 18-25 насны залуус сонгуулийн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд 20 гаруй хувиар өсчээ. Бидний хийж буй ажил үр дүнтэй байгаад баяртай байна.” хэмээн хэлсэн юм.

Хангайн бүсийн залуучуудын чуулган боллоо

 Эрхээ идэвхжүүлье:Залуучуудын оролцоо төслийн зохицуулагч С.Болорцэцэг төслийн эхний шатны тайланг танилцуулсан юм. 1-р үе шатанд Сонгогчдын Боловсролын Сургагч багш нарыг 21 аймаг, 9 дүүргээс тус бүр 2 хүн, нийт 60 сургагч багш бэлтгэсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нар аймаг орон нутагт Сонгогчдын боловсролын сургалтуудыг зохион байгуулсан. Энэ оны 4-р сарын 18 – 5-р сарын 4-ны өдрүүдэд "Эрхээ Идэвхжүүлье:” сэдэвт бүсийн чуулгануудыг зохион байгуулсан. "Сонгуульдаа оролцъё” аяныг зохион байгуулж, залуучуудыг сонгуульдаа оролцохыг уриалсан постер, тараах материал хийж түгээсэн. 2016 оны сонгуульд оролцогсдын судалгааг Сургалт судалгааны Полиси төв хийсэн. Судалгаанд 18-25 насны залуусын 49,75 хувь нь сонгуульд саналаа өгсөн.” гэдгийг онцлон хэллээ.

Чуулганы эхний өдөр "Залуучуудыг оролцоо, хөгжил”, "Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд болсон. Нийгмийн удирдлагын докторант сургагч багш Б.Цэвэлмаа "Залуучуудын оролцоо, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, шийдвэр гаргах төвшинд залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил сэдвээр сургалтыг орсон юм. Жэндерийн үндэсний шинжээч Ж.Занаа "Залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, практик сургалтыг явуулсан.

Хангайн бүсийн залуучуудын чуулган боллоо

Дараагийн өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, "Их Монгол Язгууртан” ТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ө.Баяраа "Монгол Залуу Хүний Оролцоо”, "Бизнес Нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүрэн "Иргэний оролцоо”, "Их Монгол Язгууртан "ТББ-ын Ерөнхийлөгч Г.Энх-Амгалан "Иргэний оролцоо:Оюуны хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, сургалтыг явууллаа.

Энэ үеэр аймгийн төлөөлөл болсон залуус аймгийнхаа залууст тулгамдаж байгаа асуудал, хийж хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа ярилцаж, төлөвлөснөөс гадна урлаг, спортын олон төрлийн арга хэмжээнүүдээр хоорондоо өрсөлдсөн юм.

Ийнхүү хангайн бүсийн дөрвөн аймгийн залуус нэгэн дээвэр дор чуулж, бие биенээсээ суралцаж, туршлага судлан, шинэ санаа авч, хоорондоо танилцан, илүү нэгдмэл болж, залуус чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буцлаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.