2016 оноос хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг нэмэгдүүлж, торгуулийн хэмжээг өндөрсгөсөн. Ингэснээр өдөрт гардаг зөрчлийн тоо буурсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл, тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар өдөрт дунджаар 40-50 сая төгрөгийн торгууль төлдөг болжээ.
Тодруулбал, Өнгөрсөн жил гэхэд л жолооч нар зөрчил гаргасны улмаас торгуулсан нийт дүн 12 тэрбум төгрөгт хүрсэн аж.
Дээрх торгуулийн хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын дүрэм мөрдөхгүй байгааг харуулж байна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Учир нь жолооч нар зам дээр цагдаа байхгүй бол л дүрэм зөрчихөө урьтал болгодог. Гэтэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөн хянах, зөрчил бүртгэх 69 цэгт, 113 камер байдаг. Эдгээр камерийн бичлэгийг ашиглаж, зөрчил гаргасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байна.
Эрхээ хасуулсан үедээ жолоо барьвал 192 мянган төгрөгөөр торгоно
26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384-768 мянган төгрөгөөр торгоно
27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.
27.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/ торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.
27.4. Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.
Өвчтэй буюу ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно
28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Дугаараа далдлан замын хөдөлгөөнд оролцвол 384 мянган төгрөгөөр торгуулна
31.1. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
31.2. Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
31.3. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгуулна
32.2. Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Албаны онцгой машинуудад зам тавьж өгөөгүй бол 19 мянга 200 төгрөгөөр торгоно
33.2. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Урсгал сөрсөн жолоочийг эрхийг 6 сараас 1 жилийн хугацаагаар хасна
40.2. Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.
Явган зорчигчийн давуу эрхийг эдлүүлээгүй бол 9600 төгрөгөөр торгуулна
44.1. Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
Явган зорчигч дүрэм зөрчвөл 19 мянга 200 төгрөгөөр торгуулна
54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Т.Гэрэл
24news.mn