2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
МҮЭХ хулгайч нарын орогнодог газар болжээ
-ХОТЫН “А” БҮСТ БАЙРЛАХ ГАЗРАА ХИВСЭНЦЭРЭЭР СОЛЬДОГ   БАЙГУУЛЛАГА ГЭЖ БАЙХ УУ ТА МИНЬ ЭЭ-

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хэмээх төрийн бус байгууллага асар их хөрөнгөтэй газар байлаа.  Зах зээлийн эхэн үед л гэхэд  тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч  оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай  эзэнт гүрэн байжээ. 
Эзэнт гүрэн шиг өргөжин тэлж явсан МҮЭ бол яаж хулгайлж, хувааж иддэгийн том жишээ. Хэдэн арван сая жилийн тэртээ   ийм амьтан байсан юм шүү гэдгийг гэрчлэх  диназоврын  араг яс  шиг төв оффис л үлдэх шив дээ. Гэхдээ их юмны үлдэгдэл гэсэндээ олз хайсан өлөн  цөөврүүдийг хооллоод байх юм.Ингээд сүүлийн хэдэн жилд гарсан хулгай,луйвраас цухас өгүүлье гэж  бодлоо.

Баримт -1
Үйлдвэрчний Соёлын ордон гэж бий. Ерөнхийдөө бол хошин шогийн хамтлагууд тоглолт хийж орлого оруулдаг газар. Үүний хажуу талд модтой цэцэрлэг байсан. Нэг их том биш ч гэлээ700 квдрат метр,  хотын “А” бүст  байрладаг гэдгээрээ үнэ хүрэх байсан газар. Байсан гэхийн учир тус газрыг МҮЭ-ийн одоогийн удирдлага “Макс” группт 500 сая төгрөгөөр зарсан байгаа юм. Тэгээд 500 сая төгрөгөө ч авалгүй  хивсэнцэрээр бартер хийжээ.
Тэр хивсэнцэрээ “Альфа” зочид буудалдаа дэвссэн гэнэ дээ.  Шинжээчдын үзэж буйгаар ямар ч мулгуу бизнесмен 500 саяын хивсээр солихгүй газар  юм билээ. Үүний цаана давхар наймаа явагдсан болов  уу гэсэн гишүүдийн хардлага бий. Газраа заран заран хивсэнцэр авах шаардлага байсан уу асуулт зүй ёсоор тавигдах биз.

Баримт-2
“Шар”хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбай байсан байгаа юм. “Жин жингээр дундарсан Жирмийн цагаан нуур” гэдэг жилээс жилд хумигдсан газар даа зайлуул. Хэдэн жилийн  дараа 1,6 га газар үлдсэн байсан бөгөөд өдгөө ор мөргүй болсон байна. Барилгын компани, иргэдийн ярьж байгаагаас үзвэл мөн жижиглэн зарж орхижээ. Зарсан мөнгөний бараа сураг байдаггүй.

Баримт-3
Зуун айлын ойролцоо МҮЭ-ийн ажилчдын хашаа гэж байлаа. Бас л багасч жижгэрээд ирэхээр нь үлдсэн  1,4 квдрат метрийг МҮЭХ-ноос хашаалаад авчээ. Их юмны үлдэгдэл газрыг МҮЭХ-ны удирдлагууд хотын даргатай зөвшилцсөн нэрээр  “Бэрэн” компанид хоёр өрөө байраа заржээ. Та бүхэн бод доо. Зуун айлд тийм  хэмжээний газартай  байсан бол та тэрбум төгрөг нэхээд суучихна биз дээ. Бас болоогүй нөгөө хоёр өрөө байр нь ор сураггүй, оготоно сүүлгүй алга болжээ.

Баримт-4
Монголын Үйлдвэрчний Эвлэлээс “Үйлдвэрчин” хотхон гэдгийг барьсан байгаа юм. Ингээд 180  айлын орон сууцанд  хөгшин залуу ажилтнууд, ахмадуудаа 1-2 өрөө байранд оруулжээ. Аргагүй л баян л хөрөнгөтэй газар гэсэндээ квдрат метрийг нь 800 мянган төгрөгөөр үнэлсэн.  Гэтэл тэр байрнаас нь 40 ширхэг байрны мөнгө сох дутсан байгаа юм. Өөрөөр хэлбэл 40 ширхэг байр хэнд өгсөн ч тодорхойгүй. Эрж сурдаг эрхэм дарга нар ч алга. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нь “Ахмадын орон сууцанд орохгүй” гэсэн учир нөхөр төлбөр гэж 42 сая төгрөг бэлнээр өгсөн байдаг юм билээ. Хурдан шуурхай шүү.

Баримт-5
МҮЭХ-ны төв оффистой залгаад спорт заал байсан юм билээ. Тэр спорт заалыг тус холбооны Ерөнхийлөгч асан  “Мөлхөө сайд” хэмээн алдаршсан Ший. Батбаярын хүү  авчихсан түүхтэй. Олон жил шүүх цагдаа болсоны эцэст тохиролцоонд хүрчээ. Өдгөө баригдаад буй 16 давхар шилэн барилгаас нь 750 квдрат метр оффис авахаар гэрээ хэлцэл хийсэн байдаг.
“Оргүй алдсанаас охинтой үлдсэн нь дээр” гэсэн юм уу даа. Гэтэл тэр 750 квдрат метр талбайгаас 200 квдрат метр нь дутчихсан, олдохоо байжээ. Учрыг нь сураглаваас одоогийн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат найз нарынхаа “нааш, цааш” болгосон сурагтай. Бага залуу хэрнээ ойр зуурын юм хөдөлгөөд байдаг  сайн эр гараад ирсэн шүү.

Баримт-6
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  гурван жилийн хугацаанд дөрвөн автомашин авч унажээ. 130 сая төгрөгөөр “Toyoto escalade”, тус бүр нь 30 сая төгрөгийн үнэтэй“Toyoto camry”, “Toyoto crown” машин авч сэлгэн унадаг байх юм.  МҮЭХ-ны ихэнх оффисууд давхар түрээстэй, ашиглалт муу, алдагдалтай явж ирлээ. Тийм дээ ч тус холбооны боссууд 300 гаруй сая төгрөгийн машин хөлөглөдөг биз.

Баримт-7
Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны өмчлөлд одоохондоо байгаа 500 сая төгрөгийн хивсэнцэр дэвсч, 450 саяын ажилладаггүй агааржуулагч тавьсан  “Альфа” зочид буудал нь ашиг орлого муутай гэж жигтэйхэн. Тийм учраас тус зочид буудлын дарга Энхманлай сар бүр хувь хүнээс 5-10 сая өндөр хүүтэй зээлэн “Альфа”  зочид буудлаа ядан чадан ажилуулдаг гэнэ. Тэр зээлсэн мөнгийг нь МҮЭХ сар бүр дуулгавартайяа төлөхийг нь яана. Яршиг төвөг, алдагдалтай юм гээд хаагаад явчихалгүй, хүүтэй мөнгө зээлээд зүтгэж яваа цайлган цагаан   сэтгэлтэй тэр даргыг яалтай ч билээ.

Баримт-8
Тус байгууллагын 100 жилийн ой нүсэр болж байна. Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа нар улс орноо тойрон аялж явна. Эмч багш нар ажил хаян тэмцэж байхад эрхэм дарга нар Хөвсгөл далайн эрэг дээр хундага жингэнүүлэн мэндчилэв. Мөн бужигналдаж байхад Дорноговь аймгаас баярын мэнд хүргээстэй. Нийтдээ 300 сая төгрөгийг баярын арга хэмжээндээ зориулж байгаа гэх юм. Аймаар уу, алтны компаниуд ингэж тэмдэглэж чадахгүй дээ.

Баримт-9
МҮЭ-ийн сүрэг гэж хэдэн мянгаар тоологдох нуур далай шиг мал бэлчдэг байлаа “соц” нийгэмд. Зарим аймгууд бэлчээр идчихнэ гээд оруулдаггүй үе байсан юм шүү. 2000 оны дунд үеэс “илэрхий” хорогдсоор 1000 хонь, ямаа үлдсэн. Үхэр, адуу бол хамгийн эхэнд дуусдаг юм билээ. МҮЭ-ийн даргын хамаатан садан малчин залуус хулгайд алдчихлаа, чоно нохойд идүүлчихлээ, зудад уруудуулчихлаа гэдэг.
Бусад айлын мал өсөөд байдаг. МҮЭ-ийн мал үрждэггүй мал өдгөө буурсаар 160 орчим хонь ямаа үлдсэн. Уг нь бол зуд турхан болоогүй он жилүүд байсансан. Малчид маань ичих ч үгүй хадлан, тэжээл гээд мөнгө цохуулаад явахыг нь яана. 100 жилийн ойн хүрээнд эрхэм дарга нар үлдсэн хонио бүгдийг нь зооглочихгүй бол ирэх жил 30 орчим үлдэнэ. Ерөнхийдөө бол өсөх биш буурах циклиэр явдаг юмаа манай мал.

Хамгийн ноцтой “Хаалтын гэрээ”-ний тухай...
2014 оны тавдугаар сарын “Үнэн” сонингоос эхлээд бүх сайтуудыг шүүрдээд үзээрэй. “Засгийн газар МҮЭХ-той 760 сая төгрөгийн хаалтын гэрээ хийлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ гэрээний үндэс дээр 2014 оноос хойш багш, эмч болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй юм билээ. Ерөнхийдөө бол Монголын Үйлдвэрчний Эвлэл гэдэг байгууллага эмч, багш нарыг жагсаахгүй, өдөөхгүй байх үүрэг хүлээжээ.
Цаг тухайд нь эмч багш нарын цалин хөлсийг нэмээд явсан бол одоогийнх шигээ доод ёроолдоо хүрэхгүй байлаа. Ер нь МҮЭХ ямар байгууллага юм бэ, Засгийн газартай хэлэлцээрт орж тэврэлдэх ёстой юм уу гэдгийг гишүүд дэмжигчид хэлэх биз. Хаалтын гэрээ одоо ч хүртэл үргэлжилж байгаа бололтой. Багш, эмч нарын тэмцлийг МҮЭХ-ноос дорвитой дэмжлэг үзүүлсэнгүй.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Сонордуулга” гэсэн сонин зүйл хүргүүлжээ. Сануулга, шаардлага биш сонордуулгадаа “Хөнжлийнхөө хэмжээг томсгоорой” гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл мөнгөтэй болоод эмч нарын цалинг нэмнэ гэсэн санааг нь илт дэмжсэн утга юм. Эдийн засгийн хүндрэл, данс улайсан  гэх хэрнээ сонгуулиар “Хүүхдийн мөнгө”, “Эрдэнийн хишиг”, “Ахмадын хишиг” тараачихдаг улс төрчид шүү дээ.
Өнөөдөр л гэхэд Таван толгойн компанийн орлого 500 гаруй тэрбумаар   давчихлаа. Хааш нь хийхээ мэдэхгүй булаалдаж байгаа нөхдүүд эмч багш нарт 100 тэрбумыг шидчихэд л асуудал намжина биз дээ. Энэ талаар УИХ дээр Л.Энх-Амгалан ярина лээ. Хамгийн ноцтой нь эмч багш нарын цалин нэмэх, нэмүүлэх сонирхол алга. Сүүлийн үед “Үхээнц ҮЭ-ийг татан буулгая” гэсэн  яриаг дэмжихын сацуу дээрхи баримтууд, өмч хөрөнгийг талаарх мэдээллийг АТГ, ЭЦГ-т шалгуулахаа мэдэгдье.

МҮЭХ-ны нягтлан бодогч Б.Гэрэлмаа

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.