2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ-ОРОСЫН ТӨМӨР ЗАМЧИД МОД ТАРИЛАА

Монгол Улс –ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, Монгол-Оросын найрамдлын сарыг  тохиолдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон өнөөдөр  Төмөр замчдын хөшөөнд цэцэг өргөж, Монгол-Оросын төмөр замчдын найрамдлын  цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

      Хөшөөнд цэцэг өргөх үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хэлсэн үгэндээ: ”Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, Монгол-Оросын найрамдлын сарын ажил энэ өдрүүдэд тохиож байгаа нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд онцгой чухал тэмдэглэлт үйл явдал юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН бол монгол оросын найрамдалт харилцааны амьд түүх бөгөөд тус хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны нандин хэлхээг залгамжлан авч яваа баялаг түүхтэй хамтарсан  төмөр замын байгууллага юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 1949 онд байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсын эрчимтэй хөгжлийн зам эхэлсэн нь Монгол улсын хөгжилд тус нийгэмлэг ямар их үүрэг гүйцэтгэж ирснийг харуулдаг. Дархан, Эрдэнэт, Багануур гээд шинэ хот, үйлдвэр уурхай сүндэрлэн боссон нь цөм Улаанбаатар төмөр замтай холбоотой бөгөөд Монгол улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж баршгүй. Энэ үүргээ өнөөдөр ч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нэр төртэй гүйцэтгэж байна. Энэ бол Монгол-Оросын найрамдлын бодит үр шим юм “гэж онцлон тэмдэглэлээ.

     “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон жил бүр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд Монгол-Оросын төмөр замчдын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнг хуучин төрхөнд нь сэргээн тохижуулж цэцэрлэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өнгө төрхөө алдан гундаж доройтсоныг ийнхүү сэргээн тохижуулах ажлыг хийж эхлээд байна.

 

 

Шуурхай.мн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.