Хятадын удирдагч Си Зиньпин Хятадын Коммунист намын Төр хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонтой холбоотойгоор дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар баяр хүргэцгээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагч Си Зиньпинтэй утсаар ярихдаа өндөр дээд албанд дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна. Мөн энэ үеэр Умард Солонгос, худалдаа гэсэн 2 гол сэдвийн талаар харилцан санал солилцсон байна. Үүний зэрэгцээ Трамп Ерөнхийлөгч удахгүй БНХАУ-д хийх төрийн айлчлалыг нь Америкийн ард түмэн дэмжиж байгааг онцлоод Бээжин хотноо Хятадын удирдагч Си Зиньпинтэй хийх уулзалтаараа 2 орны хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцохоо мэдэгджээ. Энэ тухай 2 орны төрийн тэргүүн утсаар ярьсаны дараа Хятадын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Мөн энэ үеэр Хятадын удирдагч Трамп Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлсний хамтаар Америк Хятадын хамтын ажиллагаанд Бээжин ихээхэн ач холбогдол өгч буйг мэдэгдсэн байна. Түүнчлэн харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх дээр үндэслэсэн урт хугацаанд эрүүлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд Трамп Ерөнхийлөгчийн Бээжинд хийх айлчлал түлхэц өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ*ын Төрийн тэргүүн Трамп ирэх сарын эхний хагаст Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Бээжинд айлчлахаа төлөвлөж байгаа юм. Мөн өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын удирдагч Си Зиньпинд Коммунист намын төр Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэж цахилгаан илгээсэн байна. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Ерөнхийлөгч Путин санал хураалтын үр дүн Си Зиньпины улс төрийн нэр хүнд өндөр байгааг баталсныг онцолсон байна. Түүнчлэн ОХУ нийгэм эдийн засгаа хөгжүүлж, олон улсын тавцан дахь байр суури бэхжүүлэхэд чиглэгдсэн Бээжингийн бодлогыг дэмжиж буйг илэрхийлжээ. Үүний зэрэгцээ 2 орны хамтын ажиллагааг өргөжүүлж, хурцадмал асуудлуудыг шийдвэрлэх яриа хэлэлцээг дэмжихээ илэрхийлсэн байна. Европын Холбооны орнууд, Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын гээд олон улс орны төр засгийн тэргүүн нар Хятадын удирдагчид баяр хүргэж цахилгаан илгээснийг хэвлэлүүд мэдээлж байна. Тэдгээрийн нэг нь Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун болж байна. Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлагаас өнөөдөр энэ тухай мэдээлсэн бөгөөд баяр хүргэсэн цахилгаанд Коммунист намын 19 р их хурлаа амжилттай зохион байгуулж, намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа Умардын удирдагч илэрхийлсэн байна. Мөн илүү их амжилт ерөөсний хамтаар Хятад, Умард солонгос улс болон 2 намын харилцаа хамтын ажиллагаа 2 орны ард түмний ашиг сонирхлын дагуу хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Хятад улс Умард Солонгосын эсрэг авсан шинэ хориг арга хэмжээнүүдийг дэмжсэнээс болж тус 2 улсын харилцаа сүүлийн үед эрс хөрчихөөд байгаа юм. Түүнчлэн Умард Солонгостой хамтарсан төсөл хөтөлбөрүүдээ Хятад улс зогсоож, банкууд дахь дансуудыг нь царцаачихаад байгаа юм. Ийм үед Умардын залуу удирдагч Хятадын дарга Си Зиньпинд баяр хүргэсэн цахилгаан илгээлээ хэмээн ажиглагчид тодотгож байна.
24news.mn