Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг үндэслэн нийслэлийн ирэх оны төсвийг боловсруулахаар бэлтэж байгаа аж. Тодруулбал, нийслэлийн 2018 оны төсвийг аль болох тулгамдаж буй олон асуудал, нээлттэй хэлэлцүүлгээс гарах иргэдийн санал, нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээнд боломжтой хувилбараар боловсруулна гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэллээ. Нийслэлийн төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-нд нийслэлийн ИТХ-д өргөн барьж, арванхоёрдугаар сарын 5 гэхэд батлах юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцон саналаа хэлж, тухайн дүүрэг, хороондоо тулгамдаж байгаа асуудалдаа нийслэлийн удирдлагуудаас хариулт авлаа. Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн барилга, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд илүүтэй анхаарч, саналаа хэлж байв.
НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Төсвийн хуулийн дагуу нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Монгол Улсын 2018 оны төсөв баталсантай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн саналыг авч, ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийслэлээс улсын төсөвт 208 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд нийт 600 гаруй тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар баталсан. Ирэх онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 16.3 тэрбум төгрөг хуваарилсан. Энэхүү хөрөнгийг нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй арга хэмжээнд зарцуулна. Энэ жил дүүргүүдэд олгох Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтад өөрчлөлт оруулсан. Тухайлбал, өмнө нь Улаанбаатарын хүн амын тоонд харьцуулж хуваарилдаггүй байсан бол 2018 оны төсөвт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилахдаа хүн амын тоо хэмжээ, дүүргийн алслагдсан байдлаар харьцуулан хуваарилсан” гэлээ.
Нийслэлийн төсвийн орлогыг 23 нэр төрлийн татварын болон татварын бус орлогоос бүрдүүлдэг. Тухайлбал, Улаанбаатар хотын төсвийн орлого бүрдүүлэлтийн 60 гаруй хувийг хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг бөгөөд үүний 50 орчим хувийг цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлдэг аж. Үлдсэн хувийг үл хөдлөх хөрөнгө, галт зэвсэг, авто тээвэр болон автомашин, газар, ус зэргээс бүрдүүлдэг байна. Жилдээ нийслэл 600 гаруй тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөдөг бөгөөд ирэх онд өмнөх оныхоо жишгээр төлөвлөхөөр тооцоолжээ.
2017 оны төсвийн 60 гаруй хувийг дэд бүтэц, барилгын салбарт зарцуулсан. Ирэх онд үүнээс буулгахгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү онцоллоо. Мөн тэрбээр нийслэлийн 2018 оны төсөвт дэд бүтцийн чиглэлээр Улаанбаатар хотод томоохон олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа. Тухайлбал, Яармагийн гүүрийг ирэх жил ашиглалтад оруулах ба Сонсголонгийн гүүрийн ажлыг эхлүүлэх аж. Автозамын чиглэлд Замын цагдаагийн уулзварын болон Налайх, Чойрын автозам, Орбитоос Найрамдал орох автозамын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн түрээслэх, өмчлөх орон сууцны ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод 2020 он хүртэл түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг дор хаяж 10 мянгыг барих зорилт тавин ажиллаж байна. Эхний ээлжийн 1002 айлын орон сууцны барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ. Уг орон сууц нь 30, 40, 60, 75 ам метр талбайтай байна. Ам метрийн үнэ 1.1 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой. 15 жилийн хугацаанд сар бүр мөнгөө төлөн байраа хувьчилж авах бодлогын ажлыг эхлүүлж байна” гэлээ. Түүнчлэн “Сервис центр” дэд бүтцийн төвийн ажлыг эхлүүлэх юм. Үүнд 200-300 өрхийг төвийн төвлөрсөн, инженерийн болон дулааны шугам сүлжээнд холбох ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Автозамын салбарт зам арчлалт, тэмдэг тэмдэглэгээ болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад шаардлагатай орц, гарцыг чөлөөлж байшин болон гэр хорооллын дундах авто замын ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн БНХАУ-ын хоёр тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын алслагдсан хороод болох Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шаргаморьт, Дарь-Эх, Гачууртад усан сан, инженерийн шийдэл бүхий дэд бүтцийн шугам татах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх онд Улаанбаатар хотын хөгжлийг хороод руу чиглүүлэх бодлого барих аж.
М.ЭНХЦЭЦЭГ
24news.mn