Дэлхийн хүнд жингийн аварга асан Виталий Кличко, дөрвөн дивизоны дэлхийн аварга Эрик Морайлес, хагас хөнгөн жингийн аварга Роналд Райт нар олон улсын боксын алдрын танхимд заларна.
Мөн ХБНГУ-ын алдарт тайлбарлагч Клаус Петр Кёхл, нэвтрүүлэгч Стив Алберт, Жим Грэй, Сид Террис, Жонни Адди, Лорайн Чаржин нар ч дээрх танхимд нэрээ сийлүүлэхээр болжээ.
Энэхүү үйл ажилллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын саналаар явуулдаг бөгөөд залах ёслолын арга хэмжээ ирэх оны зургадугаар сарын 10-нд Нью Иорк хотод болно.
Виталий Кличко нь 1996-2012 онд 47 тулаанд оролцохдоо 45:2 гэсэн амжилттай замналаа өндөрлүүлсэнээс 41 тулааныг хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дутуу дуусгаж байсан билээ.
Гэхдээ түүнийг буулгаж авсан тулаанч бол Ленокс Луйс, Крис Берд нар юм. Виталий Кличко зодог тайлсныхаа дараа улстөрд хүч үзэж, өдгөө Киевийн захирагчийн албыг хашиж байна.
Харин Морайлесийн хувьд дөрвөн дивизонд аваргалсан анхны Мексик боксчин болж түүхэнд нэрээ мөнхөлж байна. Тэрбээр мэргэжлийн замналаа 52:9 гэсэн амжилтаар дуусгасан юм.
Тэдний араас Роналд Райт орно. Тэр 51-6-1 гэсэн амжилтаар мэргэжлийн замналаа өндөрлүүлсэн билээ.
24news.mn