2020 оны 11 сарын 28
Чөлөөт цаг
“BTS”-ийн шинэ дуу Гиннесийн гурван амжилтыг эвдлээ

 БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн “Dynamite” нэртэй шинэ дууны клип Гиннесийн гурван амжилтыг шинэчлэн тогтоожээ. “Dynamite” нь энэ долоо хоногт Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын анхны дуу болсон юм.

“GWR” цахим хуудсанд пүрэв гарагт мэдээлснээр, “Dynamite” нь “YouTube” цахим хуудсанд байршуулснаас хойш 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн дүрс бичлэг, 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клип, “K-pop” хамтлагуудаас 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клиптэй хамтлаг болжээ.

“Dynamite” дууны клип наймдугаар сарын 21-нд цацагдсан даруйдаа гурван сая гаруй үзэгчтэй болсон бөгөөд уг бичлэгийг 24 цагийн дотор 101.1 сая гаруй удаа үзсэн нь “YouTube”-ийн түүхэнд байгаагүй үзүүлэлт болсон ажээ.

Дээр дурдсан гурван амжилтыг өмнө нь “BLACKPINK” охидын хамтлаг долоодугаар сард үзэгчдийн хүртээл болгосон “How You Like That” дууны клипээрээ эзэмшиж байжээ.

Мягмар гарагт “BTS”-ийн “Dynamite” дуу Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн бөгөөд ингэснээр БНСУ-ын уран бүтээлчдээс ийм амжилт гаргасан анхны хамтлаг болсон юм.

Дуучин, репэр “PSY” 2012 онд “Gangnam Style” дуугаараа “Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан ажээ.

Ташрамд дурдахад, “BTS” нь БНСУ-ын цагаар даваа гарагт болсон Америкийн “MTV” сувгийн “Video Music Awards” наадмаас “Шилдэг поп клип”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг “K-pop” клип” зэрэг дөрвөн шагналын эзэн болжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.