2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
КРЕМЛИЙГ ШҮҮМЖЛЭГЧ АЛЕКСЕЙ НАВАЛЬНЫЙГ ХОРЬЖЭЭ

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйг өнгөрсөн лхагва гаригт 30 хоногийн хугацаагаар баривчилжээ. Түүнийг Москвад хууль бус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн хэрэгт буруутгасан байна.

Өнгөрсөн Лхагва гаригийн өглөө эрт Навальныйг гэрээсээ гарах үед цагдаа нар хууль бус эсэргүүцлийн жагсаалд бусдыг уриалан дуудсан хэрэгт буруутган баривчилсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээлсэн байна. Тэрбээр твиттер хуудастаа “Москвагийн Симоновский дүүргийн шүүх улстөрч Алексей Навальныйг 30 хоног хорих шийдвэр гаргалаа” хэмээн жиргэжээ.

Шүүхээс улстөрчийг ОХУ-ын Захиргааны хуулийн 20.2-р зүйлийн 8-р хэсэгт заасны дагуу жагсаал цуглаан зохион байгуулах журмыг удаа дараа зөрчсөн хэрэгт буруутгасан байна.

Навальный жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй ч долдугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, хүмүүсийг долдугаар сарын 27-нд болох цуглаанд оролцохыг уриалжээ. Үүнтэй холбогдуулан Хорошевскийн шүүх Навальныйн штабын зохицуулагч Олег Степановыг найм хоног баривчилсан бол идэвхтэн Константин Котов, Александр Арчагов нарыг ОХУ-ын Захиргааны хуулийн 20.2-р зүйлийн 2-р хэсэгт заасны дагуу ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагааны талаарх бичлэгийг фэйсбүүк хуудастаа байршуулсан хэргээр 10 хоног саатуулсан байна. Дээрх дөрвөн хүнийг Москва дахь гэрээс нь холгүй газраас баривчилжээ.

Алексей Навальный долдугаар сарын 20-ны өдөр Москва хотын Сахаровын өргөн чөлөөнд Төрийн Думын сонгуульд бие даан нэр дэвшигчдийг оролцуулахыг шаардсан жагсаалд оролцсон байна. Улмаар сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзвал долдугаар сарын 27-ны өдөр Хотын захиргааны өмнө зохион байгуулах эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалжээ.

Навальный баривчлагдсаныхаа дараа инстаграм хуудастаа “Өглөө эрт эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулан цэцэг авахаар гэрээсээ гарах үед цагдаагийн жижиг автобус байсан бөгөөд намайг баривчилсан” хэмээн ярьсан дүрс бичлэгээ байршуулсан байна.

Эх сурвалж: THE REUTERS

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.