2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Оросын хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ

“Forbes” сэтгүүлээс гаргасан Оросын хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг "Мостотрест" барилгын компанийн гол хувьцаа эзэмшигч Ротенбергийн гэр бүл зургаан жилийн дараа анх удаа тэргүүлжээ.

Энэхүү гэр бүлийн хөрөнгийн хэмжээ жилийн дотор 270 сая ам.доллароор нэмэгдэж, 5.45 тэрбум ам.доллар болсон байна.  Гэхдээ энэ нь 2014 онд анх удаа бөгөөд цорын ганц удаа жагсаалтыг тэргүүлж байсан үеийнхтэй нь харьцуулахад 100 сая ам.доллароор бага үзүүлэлт болохыг “Forbes” сэтгүүлд тэмдэглэжээ. Тус сэтгүүлийн мэдээлснээр, Ротенбергийнхэн "Стройгазмонтаж" компаниа төрийн өмчит “Газпром” компанид 75 тэрбум рублиэр худалдсантай холбоотойгоор хөрөнгийнх нь хэмжээ нэмэгдсэн байна.

Жагсаалтын хоёрдугаарт, "Фосагро" компанийг эзэмшигч Гурьевийн гэр бүл 5.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ. Гурьевийнхэн энэ жил жагсаалтад анх удаа багтсан байна. Оросын хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг таван удаа тэргүүлж байсан Гуцериевийн гэр бүл энэ жил гуравдугаарт оржээ. Тэдний хөрөнгө 3.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа нь өнгөрсөн оныхоос 2.45 тэрбумаар бага юм. “Forbes” сэтгүүлд тэмдэглэж буйгаар, коронавирусний цар тахалтай холбоотой хямралын улмаас Гуцериевийн гэр бүлийн үл хөдлөхийн салбар дахь төслүүд зогссон байна.

Жагсаалтын дөрөвдүгээрт, ТАИФ группийн хувьцаа эзэмшигч Шаймиевийн гэр бүл оржээ. Тэдний хөрөнгө 2.85 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Татарстаны анхны Ерөнхийлөгч Минтимер Шаймиевийн хөвгүүд болох Радик, Айрат нар тус улсын хамгийн баян бизнес эрхлэгчид хэмээх цолоо хадгалж үлдсэн боловч өнгөрсөн онд тэд уг жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

“Forbes” сэтгүүлд тэмдэглэснээр, жагсаалтыг гаргахдаа тавьсан гол шалгуур нь гэр бүлийн гишүүд гэр бүлийнхээ бизнесийг удирдах ажилд оролцож, хувьцаа эзэмших ёстой юм. Энэ шалтгаанаар энэ жилийн жагсаалтад Гапонцевийн гэр бүл багтаагүй байна.

Оросын хөрөнгө оруулалтын АФК "Система" компанийг эзэмшигч Евтушенковын гэр бүл 2.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө жагсаалтын тавдугаарт бичигджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.