2020 оны 07 сарын 02
Чөлөөт цаг
Монгол охин Дэлхийн шатрын холбооны мастер болжээ

Манай өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид.

Тэдний дундах охин болох Д.Мөнхзул Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртжээ. Сурагчдын Дэлхийн хошой аварга, Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга тэрбээр 2018 оны тавдугаар сард Албани улсад зохион байгуулсан Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13 хүртэлх насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаар Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртэх болзолыг хангажээ.Үүнээс гадна шатарчин охин 2019 оны долдугаар сард Серби улсад зохион байгуулсан “Open Nis”, “Paracin”, “VOJVODINE U SAHU” олон улсын нээлттэй “А” ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцож, гадаад чансаагаа ахиулсан байна. Өөрөөр хэлбэл, гадаад чансаагаа 144.42-оор нэмэгдүүлж, цолны шалгуур үзүүлэлтээ 1900-гаар давуулан Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Төрийн банкны элч тамирчин дунд охин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн. Мөн 2016 оны Монгол Улсад зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга, 2018 оны Албани улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медаль, 2019 онд Турк улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд буй.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.