Диана гүнж энэ эмэгтэйг ротвейлер үүлдрийн нохой, хатан хаан Елизавета шалиг завхай хүүхэн гэж хочилдог байсан бол хэвлэлүүд түүнийг бусдыг салгагч нэгэн гэж нэрлэдэг байжээ. Гэсэн ч Камилла Паркер-Боулз юуг ч үл тоон хүссэндээ бүхэндээ хүрч, Чарльз ханхүүгийн гэргий болсон түүхтэй. Түүний хаалт хязгаар, цаг хугацааг үл хайхран тэмүүлсэн хайр дурлалын тухай “ELLE”-д ийнхүү бичжээ.
1.Камилла, Чарльз нар 1970 онд танилцсан түүхтэй. Тэр үед Камилла 23 настай байжээ. Тэднийг Чарльзын хуучин найз охидын нэг болох Люсия Сантра Крус хэмээх Чилийн элчингийн охин танилцуулсан байна. Люсия Чарльзаас залхсан тул түүнээс салсан гэдэг. Харин Камиллагийн хувьд Эндрю Паркер-Боулзээс дөнгөж салчихсан байсан үе. Ингээд Чарльз, Камилла нар уулздаг болж, удалгүй ханхүү цэргийн үүргээ гүйцэтгэхээр армид алба хаахад Камиллагийн өмнө экс найз залуу нь гарч иржээ. Ингээд Эндрю бүсгүйд гэрлэх санал тавьж, тэр яагаад ч юм бэ, зөвшөөрчээ.
Эндрю Паркер-Боулз, Камилла Шанд нарын хурим.
2.Камилла Боулзтэй хамт амьдарч байх хугацаандаа хүү, охин хоёр төрүүлсэн. Тэд 1995 онд салсан юм. Камилла хуримаа хийснээсээ хойш хоёр жилийн дараагаас эхлэн Чарльзтай уулздаг болжээ. Харин түүний нөхөр гэрлэснийхээ дараагаас түүнийг араар нь тавьдаг байсан. Ханхүү Чарльз Камиллагийн хүү Томын загалмайлсан эцэг болсон болохоор Боулзын эдлэнд ирэх аятайхан шалтаг нь энэ болдог байв.
Эндрю, Камилла Паркер-Боулз нар хүүхдүүдтэйгээ.
3.Камилла залуудаа үнэхээр чөлөөтэй охин байжээ. Эрчүүдээр хүрээлүүлж, тамхи татаж, бага муугүй уудаг нэгэн байв.
4.Хачирхалтай нь Букингемийн ордонд Чарльзын дэргэд ажилладаг ажилтан нь Дианад дургүй биш хэрнээ Камиллаг шүтдэг байжээ. Камиллагийн хувьд ийм чөлөөтэй, галзуу нэгэн хэрнээ Чарльзын дэргэд л хамгийн даруу төлөв нэгэн болж хувирдаг байв. Одоо ч тэр ийм хэвээрээ байгаа.
Камилла Паркер-Боулз, Диана гүнж нар
5.Чарльз Дианатай хуримаа хийхээс хэдхэн хоногийн өмнө Камиллад өөрсдийнхөө нууц нэр болох Глэдис, Фрэд хэмээх нэрийн товчлол G, F гэсэн үсэгтэй бугуйвч бэлэглэжээ.
6.Камилла Дианад тийм ч эелдэг хандаж байгаагүй юм. Чарльзын сүйн ёслолд түүнийг урьсан боловч хуримандаа уриагүй аж. Мэдээж энэхүү шийдвэрийг Чарльз гаргаагүй. Ингээд Камилла өс хонзонгоо авахаар шийдэж, Чарльзын хуримын аяллын цүнхэнд өөрийнхөө зургийг хийж явуулжээ. Эдгээр зургийг Диана үзчихсэн гэдэг.
Ханхүү Чарльз, Диана гүнж нар.
7.Диана гүнж Чарльз, Камилла нарын хоорондоо холбоотой гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Тийм болохоор бүсгүйчүүд бие биенээ үзэн яддаж байсанд ч гайхах зүйл үгүй. Ди гүнж өрсөлдөгчөө ротвейлер үүлдрийн нохой гэж дууддаг байсан бол Камилла Чарльзад бичсэн захидалдаа гэргийг нь “инээдтэй амьтан” гэж бичжээ.
8.2008 онд Чарльз ээж Елизаветатайгаа болон хөвгүүдтэйгээ Камиллатай гэрлэх тухай яриаг болгоомжтой хөнджээ. Хатан хаан анхандаа ханхүү, Камилла нарын харилцааг маш их эсэргүүцэж байсан ч бууж өгч, эвлэрлийн бэлгэдэл болгож, Чарльзад ээжийнх нь эдэлж байсан, хамгийн хайртай бриллиантан бөгжөө өгчээ. Өдгөө энэ бөгж нь Чарльзын эхнэрийн сүйн бөгж болж үлдсэн байна.
Камилла Паркер-Боулз, Чарльз ханхүү нар.
9.Саяхан Камилла Диана гүнжийн үхлийн дараах жилүүдэд хэрхэн амьдарч байсан талаараа том ярилцлага өгчээ. Түүний хэлснээр папарацциуд, түүнчлэн түүнийг харааж зүхсэн Дианагийн шүтэн бишрэгчдээс болж стресст орсон гэнэ. “Би гэрээсээ ч гарч чадахаа байсан. Энэ хугацааг би ном уншиж өнгөрөөхөөр шийдсэн. Тэгээд л энгийн үеэсээ илүү ихийг уншиж байлаа. Би бас илүү үр ашигтай зүйл хийхийг оролдож, зураг зурж сурах гэсэн боловч амжилт олоогүй. Харин амьдрал маань цэгцрээд ирсэн” хэмээн ярьжээ.
10.2005 оны 04 дүгээр сарын 09-нд хуримынхаа өдөр Камилла маш их бухимдаж, орноосоо ч өндийгөөгүй байна. Харин сүйт бүсгүйн эгч Анабель түүнийг босохгүй бол хуримын даашинзыг нь өмсөөд түүний өмнөөс хурим хийчихье гэж сүрдүүлжээ. “Хэн нэгэн үүнийг хийх л ёстой” хэмээн Анабель хэлсэн нь үр дүнгээ өгчээ.
Ханхүү Чарльз, Камилла Паркер-Боулз нарын хурим.
11.Камилла нохдод маш их дуртай. Чарльз, Камилла нар хоёр жек-рассел-терьер тэжээдэг. Үүнээс гадна Камилла “Kennel Club” хэмээх орон гэргүй нохдод тусламжийн мөнгө цуглуулдаг байгууллагын тэргүүн. Түүний бас нэг тэргүүлдэг сан бол “Medical Detection Dogs” нохдын хавдрыг эмчлэх сан юм.
12.Гүнгийн ахайтны хоёр дахь хобби бол телевизийн олон ангит кино. Үүн дээр эхнэр нөхөр хоёр бага зэрэг санал зөрөлддөг. Чарльз “Доктор Хэн” кинонд дуртай бол Камилла Данийн “Аллага” хэмээх олон ангит кинонд дурладаг. Тэр ч бүү хэл төслийн зураг авалтын талбай дээр очиж, гол дүр болох Сара Лундын цамцыг бэлгэнд хүртэл авч байсан удаатай.
13.“Чарльз тэр хоёр сайхан амрагууд. Тэд гэрлэсэн нь бүх зүйлийг баллачихлаа” хэмээн Камиллагийн ойрын хүрээллийн нэгэн хүн тэдний хуримын өдөр хэлж байсан удаатай.
14. Камилла удам угсаа сайтай. Тэднийх нэлээд нөлөө бүхий гэр бүл бөгөөд алдар цуутай өвөг дээдсээрээ гайхуулж болохоор аж. Үүнээс гадна Камилла Селин Дион, Мадонна нартай хамаатнууд болж таардаг. Мэдээж тэд маш холын садан төрлүүд.
15.Камиллагийн элэнц эмэг Чарльзын элэнц өвөө VII Эдуард хаантай амрагийн харилцаатай байсан гэдэг. Тэдний хайрын түүх энэ цагт ийнхүү биеллээ олжээ.
24news.mn