Их Британийн Хатан хааны хэлтсийн зөвлөх Саймон Дадли ханхүү Харригийн хуримаас өмнө орон гэргүй хүмүүсийг Лондонгийн гудамжнаас цэвэрлэхийг уриалсан байна. Ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хуримыг үзэж сонирхохоор гадны орнуудаас маш олон хүн ирнэ гэж түшмэл ярьжээ. Харин гудамжны хүмүүс “дайсагнасан уур амьсгал” бий болгож байна гэж Саймон Дадли үзэж байгаа аж. “Орон гэргүй хүмүүс оршин суугчид болон жуулчдад төвөг удах учир ирэх тавдугаар сард хурим болохоос өмнө тэднийг өөр тийш нь явуулах хэрэгтэй. Тэд улс орны аюулгүй байдалд ч заналхийлэл учруулах болно” гэсэн Дадлигийн уриалга хүний эрхийг хамгаалагчдын зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ. Гудамжинд амьдардаг хүмүүс нөхцөл байдлын золиос боллоо, тэд ийм хувь тавиланг өөрсдөө сонгоогүй гэж хүний эрхийн байгууллагууд учирлаж байгаа аж.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хуримын тов гарсан юм. Энэ оны чухал үйл явдлуудын нэгээр нэрлэгдэж байгаа энэхүү хурим ирэх тавдугаар сарын 19-нд болно.
С.Тэргэл
24news.mn