Дэлхийн түүхэнд хамгийн халуун жилүүд 2000 он гарснаас хойш тохиолоо. Дулаарлын улмаас далайн усны түвшин, цаг уурын гоц үзэгдлүүд удаа дараалан тохиох нь олширсон байна. Хур тунадасын хэмжээ өөрчлөгдөж амьтан, ургамлын төрөл, зүйлд сөргөөр нөлөөлөх болжээ.
Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.18 хэмээр нэмэгдсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийг судлах Засгийн газар хоорондын байгууллагын тайланд “XX зуунд эхэлсэн температурын ихсэлт агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой” гэжээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахгүй бол 2100 онд агаарын дундаж температур 6.4 хэмээр нэмэгдэж болзошгүйг Америкийн геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд анхааруулж байна. Хэдийгээр ихэнх судалгаа, 2100 он хүртэлх өөрчлөлтөд анхаарал хандуулж, ирэх мянган жилд агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн дулаарал, далайн усны түвшин ихэссээр байх аж. Энэ нь далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм. Мөн ирээдүйд болох дулаарлын хэмжээ, түүний сөрөг нөлөө нь дэлхийн бүс нутгуудад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлж эхэлсэн талаар “ScienceNOW” сэтгүүлд нийтлэл гарчээ. Тус нийтлэлд хүлэмжийн хийн нөлөөгөөр нүүрстөрөгчийн давхар исэл нэмэгдсэний уршгаар мөнх цэвдгийг гэсгээж эхэлсэн талаар дурджээ. Дэлхийн 48 улсад МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛСНААР ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ЭРЧИМЖИНЭ цэвдэг ямар нэг хэмжээгээр байдаг ч 95 хувь нь ОХУ, Канад, Монгол, БНХАУ, АНУ-ын нутгийг хамардаг байна. Гэвч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс улбаалан мөнх цэвдгийн хэмжээ эрс багасч, хэдхэн жилийн дараа цэнхэр нүдэн гараг маань мөхлийн ирмэгт хүрч магадгүйг эрдэмтэд дурджээ. Мөнх цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас мөхвөл гол мөрний тоо багасах, ой мод цөөрөх, цөлжилт нэмэгдэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна тухайн улсын эдийн засагт ч асар их гарз учруулдаг аж. Хиймэл дагуулаас авсан Хойд Сибирийн гэрэл зурагт ажиглагдах болсон нууцлаг том нүхнүүдийг мөнх цэвдгийн хайлсан тогоо гэж Оксфордын их сургуулийн эрдэмтэд тайлбарлажээ. Сибирьт 2014 онд нэг шөнийн дотор 15 метр орчим диаметртэй нүх үүсч байжээ. Оксфорын их сургуулийн профессор Гидеон Хендерсон “Мөнх цэвдэг хайлах үйл явц 130 мянган жилийн өмнө эхэлсэн. Тухайн үед дэлхийн тойрог замд өөрчлөлт гарснаас буюу байгалийн үзэгдлийн нөлөөгөөр хайлсан.
Харин өнөөдөр хүний нөлөөгөөр үүссэн бөгөөд агаарын дундаж хэм эрчимтэй нэмэгдвэл Сибирийн мөнх цэвдэг зуун жилийн дараа хайлж дуусна” гэжээ. Мөнх цэвдэг нь агаар мандалд байгаагаас хоёр дахин их нүүрстөрөгчийн хий агуулдаг тул дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлэх аюултай гэнэ. Сибирьт үүссэн нүхнүүдээс газрын гүнд дарагдсан нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэрэг хий ялгардаг байна. Метан хий нь нүүрстөрөгчийн давхар ислээс 86 дахин хурдтай агаар мандлыг халаадаг гэж Уур амьсгалын өөрчлөлтийг судлах Засгийн газар хоорондын байгууллагынхан тооцоолсон байдаг. Сибирийн мөнх цэвдэг мянга гаруй гигатонн хүлэмжийн хийг агуулдаг гэсэн тоо баримт бий. Хэрвээ энэ байдлаар нүхнүүд үүссээр байвал асар богино хугацаанд дэлхийн агаарын дундаж хэм 1.5 хэмээр нэмэгдэж, үлдсэн бүх мөнх цэвдэг бүрэн хайлна. Сүүлийн 20 жилийн хугацаанд мөсөн уул, нуруудын зузаан дунджаар 9.6 метр усны эквивалентаар нимгэрчээ. Өөрөөр хэлбэл, мөсөн уулын цас хорин жилийн хугацаанд 10.5 метрээр хайлсан гэсэн үг. НҮБ-ын дэргэдэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх мэргэжилтний хорооны 2016 оны тайланд, эрчим хүчний салбар 25.9, аж үйлдвэрийнх 19.4, ой модыг сүйтгэснээс шалтгаалж 17.4, тээврийнх 13.1, хөдөө аж ахуйн 13.5 барилгын салбар 7.9, цэвэрлэх байгууламж 2.8 хувийн хүлэмжийн хий ялгаруулж дэлхийн дулааралд нөлөөлдөг гэсэн үзүүлэлт гарчээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
24news.mn