Амьтны ертөнцөд биеийн жинтэйгээ харьцуулахад хэтэрхий жижиг үр зулзага төрүүлдэг амьтад бий. Загас, мөлхөгчид хэдэн мянг, саяар тоологдох үр зулзага гаргадаг байх нь цөөнгүй. Харин манай эрин үеийн хамгийн өндөр хөгжилтэй амьтад болох хөхтөн амьтдын дунд ийм тохиолдол бараг байдаггүй. Хөхтөн амьтдад эх, үр зулзагын биеийн жинд тодорхой зохицолт харьцаа бий. Хүний хүүхэд гэхэд л дунджаар эхийнхээ биеийн жингийн 1/22-тэй тэнцдэг байх жишээтэй. Ер нь эхийнхээ 1/50-иас дээш жинтэй үр зулзаган гарах тохиолдол бараг л үгүй. Гэхдээ “бараг” гэж тодотгох шалтгааныг буй болгосон хэдэн амьтад байна. Биеийнхээ жинтэй харьцуулахад хэтэрхий жижиг зулзага төрүүлдэг тэдгээр амьтадтай танилцацгаая.
Биеийнхээ жингээс хэтэрхий жижигхэн болон том үр зулзага гаргадаг бусад хөхтөн амьтдыг зургаар үзүүлэв.
Хятадын үндэсний зоопаркт амьдардаг Мей Шиан гэдэг аварга хулсны баавгай өнгөрсөн наймдугаар сарын 23-нд төрж, хоёр бамбарууш гаргажээ. Бамбарууш ч гэж, үсгүй, нүдээ нээгээгүй өчүүхэн жижиг амьтад аж. Нэг зулзага нь 86, нөгөө нь 138 грамм жинтэй байжээ. Хоёр зулзага хоорондоо ийм их зөрүүтэй жинтэй байгаа нь бас сонин. Эхнийх нь төрөөд хоёр цаг болсны дараа дараагийн зулзага нь төрж, төрөлт нийтдээ гурван цаг орчим үргэлжилжээ. Мей Шиан 238 паунд буюу 108 кг жинтэй атал хоёр бамбарууш нь нийлээд 230 грамм байгаа нь нэг бамбарууш нь биеийн жингийнх нь 1/900-тай тэнцсэн гэсэн үг юм.
Хөхтөн амьтдаас хамгийн жиижгхэн үр зулзага төрүүлдэг амьтад нь Австралийн нэрийн хуудас болсон имж юм. Энэ амьтан биеийн жингээсээ 100 000 дахин бага жинтэй үр зулзага төрүүлдэг ажээ.
24news.mn