Дэлхийн бөхийн нгэдсэн холбооноос чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” олон улсын тэмцээнийг харгалзан эмэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг гаргав. Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүллээ.
Түүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансааны эхний тавд багтсан байна. Тодруулбал, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой гуравдугаар байрт бичигдэв. Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлж байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм.
24news.mn