2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
​Маргааш ханш нээнэ

Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдөр маргааш тохиож байна. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна. Уг өдөр жилийн бүрийн аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрийн аль нэгэнд тохиодог юм.

Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас уг хааны нэрээр нэрлэх болсон түүхтэй. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ.

 Энэ өдрийн утга учрын талаар Дашгүнпанлин хийдийн тэргүүн хамба лам Ш.Гантөмөр хэлэхдээ, “Газар дэлхийн хэвлий гэгч үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрж сэхэх тохиолт өдрийг ханш нээх өдөр гэдэг. Ханш нээх өдөр бол Монголчууд эртнээс дэлгэр цагийн их ажлын үүд нээгддэг билэг дэмбэрэлд сайн өдөр хэмээн уламжлан дээдэлж ирсэн. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайд мод бут, сөг тарьж цэцэгжүүлбэл буяны үйл болно. Ханш нээх сайн өдрийг их ажлын үүд нээх өдөр болговол зүгээр. Мөн ханш нээх өдөр ямааны ноолуурт сам хүргэдэг домтой. Ноолуур үнэд орсон арилжаа наймааны өнөө үед энэ билэгт сайн өдөр ямаагаа самнаж эхэлбэл сайн” хэмээжээ.

Дашчойлон хийдийн зурхайч лам Ч.Алтангэрэл энэ өдрийн талаар хэлэхдээ, “Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулдаг. Сүсэгтэн олон бүрлээчдийнхээ газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтан баярлуулж үйлддэг уламжлалтай. Хятадууд газар гэсэхээр өвөг дээдсийнхээ шарилыг эргэж очдог гэсэн. Тиймээс үүнийг Хятадын ёс заншил гэж үздэг” хэмээжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.