2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Диснейн хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг бодит газрууд

Шидэт үлгэрийн гайхалтай адал явдлуудыг дүрслэн буулгаж аялуулдаг Диснейн үе үеийн зураач нарт талархаад ханашгүй. Тэдний уран бүтээлийн онгод бодит ертөнцөөс урган гарч төсөөллийн ертөнцөд очдог бөгөөд тэрхүү бодит ертөнц дээрх ямар тосгон, цайз, сүм хийд үлгэрийн зураглал болсныг сонирхоцгооё.


10."Нойрсож буй гүнж" - Нойшванштайн цайз

Германы Бавари мужид байх энэ цайзыг II Людвиг хаан  XIX зуунд буюу 1869 оноос эхлэн бариулж эхэлжээ. Анхандаа гуравхан жилийн дотор барина гэж тооцоолж байсан боловч энэ аварга байгууламжийг барихад ахиад хэдэн арван жилийг зарцуулж, үүнийхээ хэрээр "галзуу хаан" маань олон сая маркын өрөнд унасан байдаг. Хаантан амьд ахуйдаа ердөө 170 өдөр л шилтгээндээ амьдарсан бололтой. Түүнийг нас барах үед цайзын 200 гаруй өрөөнөөс ердөө 14-ийг нь л бүрэн дуусгасан байсан аж. Цайз, шилтгээнүүдийн хувьд жилд ирдэг жуулчдын тоогоор Нойшванштайн бусдыгаа тэргүүлдэг бөгөөд Аврора гүнж энд "нойрсдог" юм.
Францын зохиолч Шарль Перрогийн үлгэрийг ах дүү Гримм герман хувилбарт оруулсан бөгөөд Аврора нэрийг нь Рөүз болгон өөрчилсөн байдаг (хүүхэлдэйн кинонд хүртэл хоёр нэрээр нь дуудна). Зохиолоор 1890 онд П.Чайковский бүжгэн жүжиг бичиж, Диснейн уран бүтээлчид 1959 онд хүүхэлдэйн кино бүтээсэн юм. Тэд "Нойрсож буй гүнж"-ийг хийхэд маш их мөнгө, хөдөлмөр зарцуулсан бөгөөд үүнээс хойш ахин гүнжтэй бүтээл хийтлээ 30 жил "нойрссон" ба энэ нь 1989 онд "Бяцхан лусын дагина" дэлгэцэнд гарах хүртэл үргэлжилжээ.


09."Tangled" - Мон Сен Мишель

Гэгээн Мишелийн уул нэртэй энэ "арал хот" нь Францын Нормандид байдаг бөгөөд хадат арал дээр барьсан маш том каталик сүм билээ. Далайн түрлэг ирэхэд арал болж, далайн ус татагдахад буцаад цул их газар болон хувирдаг сонирхолтой бүтэц бүхий газар юм. Хүн амын тооллогоор энэ "хот"-д 2016 оны байдлаар 50 хүн амьдарч байгаа бөгөөд (5 лам, 7 гэлэнмаа) 1990-1999 оны хооронд 3 хүүхэд мэндэлжээ.

Хүүхэлдэйн киноны хувьд ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн ба 260 сая доллараар хийгдсэн бүтээл юм. Энэ нь бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр хийгдсэн киноны 6-д, хүүхэлдэйн киноны төрөлд 1-т орох өндөр зардал билээ. "Эрдэмтдийн судалгаагаар" Диснейн баатруудаас хамгийн том нүдтэй нь Рапунзел юм байна.


08."Up" - Анхелийн хүрхрээ

"Дээшээ" хүүхэлдэйн кинонд гардаг "Диваажингийн хүрхрээ" нь Венесуэль улсын нутагт орших Анхелийн хүрхрээ бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндрөөс (979 метр) унадаг хүрхрээ юм. Алмазны эрэлд явж байсан АНУ-ын нисгэгч Жимми Эйнжэл Ауян-Тепуй уулын бэлээр нисэж яваад хожим өөрийнх нь нэрээр нэрлэгдэх болсон энэ газрыг нээсэн түүхтэй. Ауян-Тепуй гэдэг нь уугуул иргэдийн хэлээр "Чөтгөрийн уул" гэсэн утгатай. Учир нь энэ уулан дээр өдөр бүр шахуу аянга буудаг аж. Хүрхрээний ус доош унахдаа замынхаа талд ч хүрэлгүй манан болж хувиран жижиг усан дуслууд болон сарних бөгөөд түүнээс доошилбол газрын хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх хөөсрөн бургилсан гол болон урсдаг аж.


07. "Эзэн хааны шинэ заншил" - Мачу Пикчу

Мачу Пикчу буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм (Цэцээ гүний өндөр 2268 метр). Уг хот нь 1450 оны орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар XX зуунтай золгосон байна.

Диснейн 40 дэх хүүхэлдэйн киноны гол дүр болох Куско эзэн хааныг Инкүүдийн эртний Куско хотын нэрээр нэрлэжээ.


06."Бяцхан лусын дагина" - Шильон цайз

Ариелийн дурлалт залуу хунтайж Эрикийн амьдардаг энэ цайз далайн эрэг дээр биш харин Швейцарийн Женев нуурын эрэг дээр байдаг. Анх Ромчуудын бэхлэлт байсан энэ цайзыг сурвалжит язгууртнууд ээлж дараалан эзэмшиж, амьдарч байсан ба хэсэг хугацаанд бүр шорон ч болж байж. XIX зуунаас музей болсон Шильон цайз өдгөө сая сая жуулчдын очих дуртай газар болжээ.

84 сая доллараар бүтэж 200 гаруй саяын орлого авчирсан "Бяцхан лусын дагина" хүүхэлдэйн киногоор Диснейн "дахин сэргэлтийн үе" эхэлсэн гэж үздэг юм байна.



05.Frozen – Гэгээн Олафийн сүм

Норвегийн Балестрандад байх Гэгээн Олафийн сүм нь мөн "англи сүм" гэдгээрээ олонд танигдсан бөгөөд барилгын ажлыг нь энэ хавийн уулсын ойролцоо өөрийн дурлалт залуу Кнут Викнетэй амьдарч байсан англи эмэгтэй Маргарет Грийн эхлүүлжээ. Тэрээр маш их сүсэг бишрэлтэй хүн байсан учир сүмийн барилгыг эхлүүлэх шалтгаан болжээ. Харамсалтай нь сүм баригдаж дуусахаас өмнө өөрөө нас барсан байна. Хүүхэлдэйн киноны цасан хүнийг мөн Олаф гэдэг.

150 сая доллараар бүтсэн энэ хүүхэлдэй бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны 11-т, хүүхэлдэйн киноны 1-т жагсаж байна.


04."Питер Пен" - Биг Бэн

Уэстминстерийн ордны хойд үзүүрт орших Биг Бэнийг албан ёсоор Clock Tower гэж нэрлэдэг байгаад 2012 онд Элизабетийн цамхаг гэдэг болсон билээ. II Элизабет хатныг 1952 онд хаан ширээнд суусны 60 жилийн ойгоор ийнхүү өөрчилсөн юм. 1858 онд цамхийг барьж 1859 онд цагийг ашиглалтанд оруулсан байна. Цамхгийн дотор 13,5 тонн жинтэй хонх байрлуулсан нь дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй таван хонхны нэг аж. Барилгын ажлыг даргалж байсан сэр Бэнжамин Холын нэрээр хонхыг нэрлэсэн гэдэг таамаг бий. Лагс том биетэй байсан учир барилгын даамлыг Том Бэн хэмээн хочилдог байж. Өөр нэг хувилбар нь гэвэл, хонхыг хатан хаан Викториягийн үеийн боксын хүнд жингийн аварга Бэнжамин Каунтын нэрээр нэрлэсэн гэнэ. Ямартай ч Том Бэн гэдэг нь анхандаа хонхны нэр байгаад сүүлдээ энэ цаг, цамхагийн "албан бус" нэр болжээ.

Шотландын зохиолч Жэймс Барригийн "Питер Пен" бол XX зуунд бичигдсэн бүхий л хүүхдийн зохиолуудаас онцгой сайхан, сод туурвил гэдэг нь маргаангүй. Гэвч энэ зохиол бичигдсэн шалтгаан нь, Жэймс Барри дотны найз Сильвия, Артур хоёрыгоо өөд болсны дараа тэдний таван хүүхдийг халамжлан хүмүүжүүлэгч нь болсон бөгөөд энэхүү Питер Пэний тухай гайхамшигт түүхээ өнчин үлдсэн тэр таван хүүхдэд зориулан бичжээ. Түүнчлэн Питер Пэнд зориулсан хамгийн анхны хөшөө Лондон хотын төвд байрлах Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд 1912 оны дөрөвдүгээр сарын 30-нд сүндэрлэсэн бол үргэлж хүүхдээрээ үлдсэн Питер Пэний хөшөө дэлхийн зургаан хотод сүндэрлэн боссон юм байна.


03. "Цасангоо ба долоон одой" - Сеговийн Алказар

Испанид байх энэхүү цайз нь Европт одоо болтол ашиглагдсаар байдаг хамгийн эртний хааны өргөө юм. 1987 онд Юнескогийн дэлхийн өвийн санд бүртгэгдсэн Алказар нь Испани болон Португалийн хаадуудын бариулсан цайзуудын нэг төрөл юм. Энэхүү нэр томьёо нь Араб үгнээс гаралтай бөгөөд утга нь цайз өргөө гэсэн утгыг илэрхийлдэг боловч араб үгнээс латин хэл рүү буухдаа хэрэм, бэхлэлт, лагер гэж буудаг аж.

"Цасангоо ба долоон одой" нь 1937 онд бүтээгдсэн бөгөөд фрэйм болгоныг гараар зурсан хамгийн анхны хүүхэлдэйн бүрэн хэмжээний бүтээл билээ. Тухайн үед 100 гаруй сая тасалбар борлуулсан нь бүх цагийн үеийн 10-т орох үзүүлэлт бөгөөд энэ нь өнөөгийн ханшаар 1 тэрбум доллар давсан орлого олсон гэсэн үг юм.


02. "Brave" - Калланиш, Элеан Донан...

Хэдэн мянган жилийн өмнө ямар зорилгоор, яаж барьсан нь тодорхойгүй Стоунхенж маягийн чулуун хүрээтэй төстэй, эрт балрын хэдэн арван чулуун болон модон хүрээ, тойргууд дэлхийн өнцөг булан бүрт байдгийн нэг нь Шотландад байх Калланиш чулуун хүрээ юм. Энэ хүрээг МЭӨ 2900-2300 оны орчим байрлуулжээ. (Дэлхий даяар байх нууцлаг хүрээнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээг та эндээс уншаарай)

Улаан үстэй, зөрүүд гүнжийн тухай гардаг кинонд маань Калланишаас гадна Диснейн уран бүтээлчид Шотландын маш олон зүйлсийг ашигласан байдаг. Цайз, ой шугуй, нуур, байгаль, хувцас, гэх мэт. Жишээ нь алдарт Лох Несс нуурын эрэг дээр байдаг Urquhart цайз, мөн Dunnotar цайзаас санаа аван хүүхэлдэйн кинон дээр гардаг DunBroch цайзыг дүрсэлсэн бол гүнжийн ордны доторх тансаг заслыг Шотландын баруун эрэгт байдаг, 13-р зууны үеийн Элеан Донан гэдэг цамхгаас санаа авч дүрсэлжээ.


01. "Аладдин" - Таж Махал

Энэтхэгийн Агра хотод байдаг Таж Махал бунханыг Их Моголын хаан Шах Жахан хайрт эхнэрийнхээ дурсгалд зориулан барьсан билээ. Аладдин хүүхэлдэйн кинон дээр гардаг султан хааны тансаг ордныг Таж Махалаас санаа аван дүрсэлжээ. Түүнчлэн хүүхэлдэйн кинон дээр султанд хатан байдаггүй бөгөөд Жасмин гүнжийн хувьд ордон нь эрх чөлөөг нь хязгаарлах шорон шиг санагддаг тухай гардаг. 

1992 онд бүтээгдсэн энэ хүүхэлдэй нь харьцангуй бага буюу 28 сая доллараар бүтсэн хэдий ч 500 гаруй сая долларын орлого олсон бүтээл билээ.

 
 
Эх сурвалж: arav.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.