“Ливерпуль” баг болон Египетийн шигшээ багийн хөлбөмбөгчин Мохамед Салах-ын биеийн байдал сайжрах хүртэл хоёр долоо хоногийн хугацаа хэрэгтэй, иймээс тэрбээр Орост болох ДАШТ-нд оролцох боломжтой гэж Египетийн Спортын сайд Халед Абд Эль-Азиз мэдэгдлээ.
Энэ улиралд “Ливерпуль”-ийн шилдэг довтлогчоор шалгарсан Салах Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Реал Мадрид” багтай хийсэн тоглолтын 31 дэх минутанд “Реал”-ын хамгаалагч Серхио Рамостой бөмбөг булаацалдаж байгаад гэмтэл авсан билээ.
“Салахын мөрний үений холбоос гэмтсэн. Эмчилгээ хоёр долоо хоног үргэлжлэх байх. Шигшээ багийн эмч нар “Ливерпуль”-ийн эмч нартай байнга холбоотой байгаа. Салах Англид эмчилгээгээ хийлгэснийхээ дараа Италид очиж шигшээ багийнхантайгаа нийлнэ” гэж Египетийн Спортын сайд фейсбүүк хуудастаа бичжээ.
“ДАШТ-нд оролцох Египетийн баг 6 дугаар сарын 4-нд эцсийн байдлаар мэдүүлгээ өгөх үед Мохамед Салахын нэр байх ёстой. Итгэл найдвар, зоримог шийдэмгий байдал, эх оронч үзэл нь хүнд үеийг даван туулахад Салахад туслах болно” гэж сайд дурджээ.
Египетийн шигшээ баг ОХУ-ын багтай нэг хэсэгт учраа таарсан юм.
24news.mn