2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Хүмүүс өөрсдөө ҮЗВЭР БОЛДОГ амьтны хүрээлэн

Сүүлийн үед амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн олон сонирхолтой зорилтот төслүүд шил даран бий болсоор байгаа билээ. Харин энэ удаад хүмүүс өөрсдөө торонд орж, амьтдын үзвэр болдог өвөрмөц амьтны хүрээлэн Хятад улсад байгуулагдсаныг уншигч та бүхэнд сонирхуулъя.

Хэрэв та амьтдыг өөрсдийн онгон зэрлэг нутагтаа бус, зохиомол орчин-торон хаалтны ард амьтны хүрээлэнгийн үзвэр болж амьдардгийг эсэргүүцсэн байр суурьтай байдаг бол Хятад улсад байдаг Лей Леду зэрлэг амьтдын хүрээлэнд зочлоод үзэж болох юм.

Тус амьтны хүрээлэн зэрлэг амьтдыг ямар ч торонд хорилгүй, өргөн дэлгэр нутагт амьдруулдаг байна. Харин тэднийг ирж үзэх хүмүүс нь хамгаалах тортой бүхээг бүхий ачааны машинд сууж, амьтдын дэргэдүүр явж өнгөрөн, бяцхан аялал хийдэг ажээ.

Бусад амьтны хүрээлэнд, торонд хашигдан сул дорой болсон амьтад руу хүмүүс элдвийн араншин үзүүлж явдаг бол энэхүү шинэлэг шийдэлтэй амьтны хүрээлэнд эсрэгээрээ, торны цаадах хүмүүс рүү амьтад эрх чөлөөтэй авирладаг. Энэ ялгаа нь дэлхийн олон орны жуулчдын анхаарлыг эрхгүй татаж байна.

Бар, ирвэс, баавгай зэрэг амьтад дүүрэн хүн ачсан бүхээгтэй тэрэг рүү дайрч, самардаж, архирах нь элбэг гэнэ. Амьтны хүрээлэнгийн ажилчид аливаа аюул эрсдлийг сайтар тооцож, өндөр сонор сэрэмжтэй, үргэлжийн бэлэн байдалд байдаг аж.

Энэхүү амьтны хүрээлэнд зочилсноор хүмүүс өөрсдийгөө зэрлэг амьтдын олз идэш болж, эрхэнд нь орсон мэт мэдрэмж авдаг гэнэ. Үргэлж амьтдыг өөрсдийн сүр хүчин дор мөхөсдүүлж сурсан хүн төрөлхтөн сайх мэдрэмжийг аваад, үзэл бодол нь өөрчлөгдөх тохиолдол тааралдахыг үгүйсгэхгүй.

Тус амьтны хүрээлэнгийн зохион байгуулагч бүсгүй Чанг Ланг: “Бид  хүмүүсийг торонд хашигдсан, зэрлэг амьтдад бариулж мэдэхээр аймшигтай нөхцөл байдлыг мэдэрч үзээсэй гэж боддог. Гэхдээ мэдээж ямар нэгэн сөрөг эрсдэлгүйгээр” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: thinkinghumanity.com

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.