2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Их Британийг тойрон сэлж дээд амжилт тогтоов

Росс Эжли гэдэг тамирчин эр Их Британийг тойрон сэлсэн анхны хүн болж, Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн тухай телевизийн “Sky News” суваг мэдээллээ.

Тус сувгийн мэдээлснээр, 33 настай, Их Британийн иргэн зургадугаар сарын 1-нд Английн зүүн өмнөд нутгийн Кент гүнлэгийн Маргит хотоос сэлж эхэлсэн байна. Тамирчин 155 өдрийн турш сэлэх үедээ 1780 миль буюу 2864 орчим км замыг туулжээ. Ингэхдээ тэрбээр нэг ч удаа эх газарт гараагүй бөгөөд өдөрт 12 цаг сэлж байсан байна.

Эжли хөл нь бадайрч хөших вий гэж айж байснаа, далайн мөгөөрсөнд хүрч гэмтсэнээ, давстай уснаас болж хэл нь “мэдээгүй болсон” болон мөр нь өвдсөн, усны хувцас нь холгож үрж байсан зэрэг энэ хэдэн сарын туршид өөрт нь тохиолдсон хүндрэл бэрхшээлүүдийн тухай “Sky News” сувгийнханд ярьсан байна. Гэхдээ тэрбээр нар мандах, жаргах үеийн үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй мөчийг харсандаа сэтгэл хангалуун байгаа аж.

Росс Эжлиг наймдугаар сарын 14-нд буюу түүний аяллынх нь 74 дэх өдөр Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ. 

Эжли сэлэх хугацаандаа 500 мянган илчлэг алдаж, 500 гаруй гадил иджээ. Түүний хувьд энэ нь Гиннесийн номд бичигдсэн гурав дахь амжилт аж. 2016 оны хоёрдугаар сард тэрбээр автомашин чирж марафон гүйлтийн замыг туулсан бол хоёр сарын дараа Эверестийн оргилын өндөртэй тэнцэх өндөрт 19 цагийн дотор олсоор авирчээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.