2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Дуучин Лодко: “Гэргий” тоглолтоо монголын сайхан бүсгүйчүүд, гэргий нартаа зориулан хүргэх болно

Монголын урлагийн ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо бусдаасаа онцгойрч, олонд танигдан, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу дуучин Лодког уншигчид маань хэдийнээ таньдаг болсон байх.

 

Олон сайхан хайрын дуугаа сонсогч фэнүүдийнхээ өргөн бариад байгаа өнөө цагийн өнгө төрх болж чадсан дуучин сүүлийн Лодко сүүлийн үед өөрийн бие даасан анхны тоглолтын бэлтгэл ажилдаа ороод тун завгүй байгаа.

Ингээд дуучин Лодкотой анхны бие даасан тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Дуучин Лодког уран бүтээлээрээ олонд танигдаад багагүй хугацааг үдэж байна. Ер нь урлагт хэзээнээс хөтлөгдөн орсон бэ?

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн "Яргуй” наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог байлаа. Тэгээд багаасаа минь дуу хөгжим зааж өгсөөр дуу хөгжимд хайртай, дуртай болгосон.  Сансрын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа "Frendly Frends” хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхтэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан. Тавдугаар ангид байхдаа дуу бичлэгийн студид дадлагын ажилтнаар ажиллаж, үргэлжлүүлээд өөрийн уран бүтээлээ хийж эхэлснээр урлагийн замд эргэлт буцалгүйгээр орсон. Тэр ч утгаараа одоог хүртэл урлагаасаа хөндийрч чадаагүй дуугаа дуулаад явж байгаа байх гэж боддог.

-Хамтлагт дуулж байгаад хэзээнээс өөрийн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бэ?

-Тавдугаар ангиас эхлээд хамтлагт дуулж, өөрөө дууны үг бичиж дуулж, бие даан уран бүтээлээ ч хийж эхэлсэн. Уран бүтээл минь 2008 оноос олонд хүрч эхэлсэн байгаа. 2010 оноос эхлээд ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу ороод байгаа.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог гэлээ. Тэгэхээр дуу бүхэн чинь өөрийн гэсэн түүхтэй байх.

Ихэвчлэн дууныхаа үгийг өөрөө бичдэг. Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. "Мөнхөд хайрын эзэн” дуу бол миний анхны уран бүтээл байсан. Энэ дууныхаа үгийг өөрөө анх бичиж байсан.

Дууны үг бичихдээ бусдын өмнөөс бодож, оронд нь өөрийгөө тавьж байж үгээ бичдэг. Тэгэхээр бүх л уран бүтээл минь миний амьдралтай их ойрхон байдаг. Бүхий л дуу минь хамгийн гоё нандин санагддаг.

-Ганцаарчилсан уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд урын сандаа хичнээн уран бүтээлтэй болов? Анхны цомгоо хэзээ гаргахаар төлөвлөөд байна вэ?

Бие даасан 10 гаруй уран бүтээл хийж, ихэнхийг нь клипжүүлэн үзэгчдэд хүргээд байгаа. Заримыг нь дүрсжүүлж амжаагүй байна. Цаашид олон уран бүтээл хийхээр төлөвлөөд явж байна.

Цомгийн ажилдаа хэдийнэ орчихоод байгаа. Гэхдээ 2019 оны сүүл 2020 оны эхээр багтааж өөрийн бие даасан цомгийг гаргахаар төлөвлөсөн учир маш шаргуу ажиллаж байна.

-Удахгүй бие анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд бэлтгэл ажил ихтэй яваа гэсэн. Тоглолтын талаар сонирхуулаач?

Гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Тэнгис кино театрийн дэргэдэх "holiday in” цэнтрийн mallroom-д 19 цагаас "Гэргий” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын ажил 60 хувьтай явж байгаа. Тоглолт хийнэ гэдэг нилээд их ажилтай байдаг юм байна. Тасалбарыг ticket.mn сайтаар захиалан авах боломжтой. Эсвэл 93222302 дугаарын утсаар тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон  тасалбарыг захиалан авах боломжтой.

Тоглолт маань V.I.P тоглолт учир хүний тоо хязгаартай. Хамгийн ихдээ 250 хүн хүлээж авахаар байгаа. Тоглолтын тасалбарын үнэ 25 мянган төгрөг.

 -"Гэргий” тоглолтын нэр нь их содон байна. Яагаад эмэгтэйчүүдийн баярын өдрийг сонгох болов? 

Би их зөөлөн хүн л дээ. Тиймдээ ч надтай илүү ойрхон байж, энэ бүхнээс илүү их эрч хүч авдаг учир хайрын тухай дуу дуулах дуртай.

Тийм учраас монголын сайхан бүсгүйчүүддээ, гэргий нартаа зориулан энэхүү тоглолт хийх гэж байна. Өөрийн хамгийн сүүлийн уран бүтээл болох "Гэргий” уран бүтээлээр энэхүү тоглолтоо нэрлэсэн байгаа.

-Өөрөө гэргийтэй юу? Энэ асуултын хариултыг олон бүсгүй мэдэхийг хүсч байгаа байх.  

-Найз бүсгүйтэй. Бид хоёр багагүй хугацаанд үерхэж байгаа. Удахгүй гэргий минь болно. Тэгээд залуучууддаа хандан сонгосон бүсгүйгээ гэргийгээ болгож аваарай гэж хэлмээр байна. Сайхан хайр байдаг юм шүү олдвол бүү алдаарай гэдэг шүү дээ.

- Тоглолтонд ямар хамтлаг дуучид оролцох вэ?

"Гурван бүдүүн” хамтлагийн Шагай, "Нэгэнзүгт” хамтлагийн Заяа, Noname хамтлагийн Оргил нар ирж ая дуугаа өргөх байгаа.

-Тоглолтынхоо маргааш өдөр юу хийх вэ? Сонирхолтой байна л даа.

 Ямар ч байсан анхны бие даасан тоглолтооо маш амжилттай болох байх. Маш их хүч хөдөлмөр зарцуулж, олон өдөр хагас нойртой явж байна. Гэсэн хэдий ч үзэгч, сонсогчдоос авсан тэр сайхан урмын мэдрэмжээрээ тоглолтынхоо маргааш өдлрөөс л шинэ уран бүтээлийн ажилдаа орно. Ер нь урлагийн хүмүүст амралтын өдөр гэж байдаггүй. Олон ажлыг хийхээр төлөвлөчихсөн тул амрахыг хүсэхгүй байгаа. Хоёр дахь цомгийн ажлаа ч өөр төрөл жанраар хийж, өөр мэдрэмжийг хүмүүст хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ удаагийнх нь V.I.P тоглолт байгаа. Харин хоёр дахь тоглолтоо UB palace-т юм уу, олон хүнийг хамарсан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ цаг хугацаа өдрөө товлоогүй явна.

Х.Соёл

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.