Залуу тамирчид гэнэт нас барж байгаагийн шалтгааныг тодруулах зорилгоор Францын хэсэг эрдэмтэд судалгаа хийж эхэлжээ. Энэ тухай "France Bleu" радиостанцийн мэдээлэлд дурдсаныг үзвэл, тус улсад жил бүр 1000 орчим мэргэжлийн тамирчин болон спорт сонирхогчид зуурдаар нас барж байгаагийн ихэнх нь 35 нас хүрээгүй хүмүүс ажээ.
Ренн хотын их сургуулийн Зүрх судлалын төвийн профессор Франсуа Каррегийн ярьснаар, 35-аас дээш насны хүмүүсийн үхлийн шалтгаан нь ихэнхдээ зүрхний шигдээс байдаг байна. Харин 35-аас доош насны тамирчдын гэнэтийн нас баралтын шалтгааны 40-50 хувийг тогтоож чадаагүй байгаа аж. Эдгээр хүмүүс эмнэлгийн байнгын хяналтанд байдаг өндөр зэрэглэлийн тамирчид юм.
Нас баралтын шалтгааныг тодруулахын тулд орон даяар тусгай бүртгэлийн тогтолцоог бий болгох санаачилгыг Францын эмч нар гаргасан байна. Уг бүртгэлд задлан шинжилгээний болон генийн шинжилгээний мэдээллүүдийг оруулах аж. Одоогоор цөөхөн хийгдэж буй генийн шинжилгээг заавал хийхээр болсон учир нь тамирчдын гэнэтийн нас баралтын шалтгаан нь зарим тохиолдолд удамшлын өвчнүүдтэй холбоотой байдаг байна.
Судалгааг хийж буй эрдэмтдэд санхүүгийн хүндрэл учирсан ба тэдэнд одоогоор 400 мянган еврогийн хандив хэрэгтэй байгаа аж. Хандив цуглуулах ажлыг Fondation Coeur, Recherche гэсэн хоёр сан зохион байгуулж байна.
Уг судалгааг янз бүрийн төрлийн спортын холбоод мөн дэмжжээ. Өмнө нь тамирчдын гэнэтийн нас баралтын талаарх мэдээллийг аль болохоор тараахгүйг хичээж байсан бол одоо уг асуудалд залуу тамирчдын анхаарлыг хандуулах зорилгоор кампанит ажил зохион байгуулах нь зүйтэй гэж спортын холбоод үзэх болсон байна.
24news.mn