АНУ-ын “New Yorker” сэтгүүлийн ажилтан Эван Осносын 3 настай хүү аавынхаа “iPad”-ыг 2067 он хүртэл ашиглах боломжгүй болгожээ. Тэрбээр энэ явдалтай холбогдуулан хүүхдүүдээ ямар нэг төхөөрөмжтэй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлжээ.
Э.Оснос энэ талаар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд түүний хүү “iPad”-ын түгжээг нээхийн тулд нэвтрэх кодыг маш олон удаа буруу хийсний улмаас дээрх явдал болсон байна. “iPad”-ын дэлгэц дээр “25,536,442 минутын дараа дахин оролдоно уу” гэсэн бичиг гарсан байсан нь 48 жил гаруй хугацаатай тэнцэх аж.
“Apple” компанийн төхөөрөмжүүдийн нэвтрэх кодыг олон дахин буруу хийсэн тохиолдолд тодорхой хугацааны турш төхөөрөмжийг ашиглах боломжгүй болдог юм. Түүнчлэн буруу кодыг хэчнээн олон удаа хийнэ төдий чинээгээр уг хугацаа сунгагддаг байна.
24news.mn